Монгол туургатны уран зохиолын эрдэм шинжилгээний хурал болно

“Монгол туургатны уран зохиолын өнөөдөр, маргааш”сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал, номын нээлтийн ёслол энэ сарын 22-ны өдөр Богд хааны ордон музейд болох нь. ХХ зуунд бүтээсэн утга соёлын өв сангаас дээжлэн өргөн олон уншигчдад, нэн ялангуяа залуу хойч үеийнхэнд хүргэх, зохиолч уран бүтээлчдийн авьяас чадвар, ололт амжилтыг нь таниулан сурталчлах, үгийн урлагаар илрэх тухайн нутгийн монгол хэл аялгууны гайхамшигт баялаг сангаас мэдрүүлэх, үндэстнийхээ их түүх, эх соёлоос сургамж аван бахархах, хайрлах үзлийг төлөвшүүлэх зорилготойгоор монгол туургатны утга соёлын хоёр төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Үүний хүрээнд монгол туургатны шилдэг романыг хэвлэн нийтлэх зорилготой “Монгол туургатны сонгомол номын сан” төслийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал Өвөрмонголын нэрт зохиолч Э.Бүрэнтөгсийн уран бүтээлээр “Дэлхийг багтаасан Дэлгэрхангай” нэвтрүүлгийг МҮОНТ-тэй хамтран бэлтгэж олны хүртээл болгож, Монгол Улсад зохиолчдын байгууллага үүссэний 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд УБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, МҮЧЗХ-той хамтран “Монгол туургатны уран зохиолын хэлхээ холбоо” сэдэвт уулзалт, ярилцлага болон “Монголын орчин үеийн уран зохиол-соёлын шинэ өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, номын нээлтийн ёслолыг хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн байна. Тэгвэл үүний дараагийн ажил бол “Монгол туургатны уран зохиолын өнөөдөр, маргааш" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал, номын нээлтийн ёслол юм байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор /Ph.D/, профессор   Ж.Саруулбуян даргалах бөгөөд  Улаанбаатарын Их Сургуулийн захирал, доктор (Sc.D), профессор С.Байгалсайхан, Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар нар оролцоно. Мөн БНХАУ-аас доктор /Ph.D/, профессор Ван Мандуга “Бээжингийн монгол судлал” сэдвээр, ӨМӨЗО-ы нэгдүгээр дэсийн зохиолч Э.Бүрэнтөгс “Өвөрмонголын уран зохиолын түүхэн тойм, чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж, үг хэлэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)