Эрчим хүч хэмнэх үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцно

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль батлагдсанаар үүрэг хүлээсэн хэрэглэгч хэмээх ойлголт бий болсон. Монгол Улсын нийт эрчим хүчний хэрэглээний 53 орчим хувийг 200 гаруй томоохон аж ахуйн нэгжүүд хэрэглэдэг.  Эрчим хүчний хуулийн дагуу эдгээр аж ахуйн нэгж байгууллагууд эрчим хүч хэмнэх үүрэг  хүлээн ажиллаж байна. Хэрвээ эдгээр аж ахуй нэгжүүд эрчим хүчний  бодитой хэмнэлт гаргаж  чадвал жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийн цахилгаан  эрчим хүч хэмнэж чадах юм. 

Эрчим хүчний зохицуулах хорооноос тодорхойлж, бүртгэснээр  үүрэг хүлээсэн 229 аж ахуйн нэгж, байгууллага манай улсад байна. Хууль батлагдсанаас хойш эрчим хүч хэмнэлтийн 151 менежер, эрчим хүчний 82 аудитор, магадлан итгэмжлэл бүхий 10 байгууллагатай хамтран ажиллаж, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн 70 хувь нь эрчим хүчний аудит хийлгэн тодорхой үр дүн гарган ажиллажээ.

Цаашид эрчим хүч хэмнэх ажлаа тогтвортой, нэгдсэн бодлогоор зөв хэрэгжүүлж эрчим хүчний бодит хэмнэлтийг бий болгох нь чухал байгаа гэдгийг хорооноос мэдэгдлээ. Эрчим хүчний зохицуулах хороо энэ оноос эхлэн үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн хуулийн хэрэгжилт, хүрсэн үр дүнг дүгнэж, ил тод мэдээлж ажиллах бөгөөд хүчин чармайлт гаргаж, үр дүнтэй ажиллаж буй хэрэглэгчийг дэмжиж хамтран ажиллах бол хууль, журмыг хэрэгжүүлэхгүй байгаа, хангалтгүй биелүүлсэн аж ахуйн нэгжтэй хуулийн хүрээнд хариуцлага тооцож ажиллах юм байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)