Баруун аймгийн нутгаар хүйтний эрч чангарна

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларч, цаг агаар тогтуун байна. Гэсэн ч маргаашнаас нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

Маргааш баруун аймгуудын ихэнх нутаг болон Хангай, Хөвсгөлийн уулсаар, 22-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд баруун аймгуудын нутгаар, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22, 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)