Дэлхийн байгаль хамгаалан сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар цагаан зээр хамгаалах "Янзган хүрээг хайрлаарай" уулзалтыг эко клубуудын сурагчидтай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулжээ. Уг уулзалтад Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын ИТХ-ын дарга нар, сумдын Засаг Засаг дарга нар болон гурван аймгийн 18 сургуулийн эко клубын сурагчид оролцож жилээс жилд тоо толгой нь цөөрч байгаа цагаан зээрийг хэрхэн хамгаалах талаар ярилцсан байна.
Манай орны зүүн бүс бол цагаан зээрийн гол бэлчээр нутаг. Сүүлийн үед цагаан зээрийн тоо толгой цөөрч байгаа нь бүс нутгийн хэмжээнд тулгамдсан асуудал болжээ. Энэ нь бэлчээрийн зохисгүй хуваарилалт, тал хээрийн түймэр, хууль бус агнуур зэрэг олон зүйлтэй холбоотой. Тиймээс бүс нутгийн аймгуудын төр захиргааны байгууллагууд хамтарч цагаан зээрийг хамгаалах, бэлчээр нутгийг нь мөн хамгаалалтад авах талаар бодлого гаргаж хамтран ажиллах шаардлагатай гэдэгт санал нэгджээ.
Харин эко клубуудын сурагчид цагаан зээрт тулгамдаж буй олон асуудлыг шийдвэр гаргагчдад танилцуулж, тэдгээрийг хэрхэн хамтран шийдвэрлэх боломжуудыг танилцуулсан байна. Ийнхүү "Янзаган хүрээг хайрлаарай" уулзалтын дүнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын удирдлагууд цагаан зээрийн хууль бус агнууртай тэмцэх хамтын ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллах, цагаан зээрийн тэмдэглэлт өдөртэй болох тал дээр санал нэгдсэн байна.
