Дэлхийн түүхэнд өнөөдөр

Өнөөдөр 2019 оны 325 дахь өдөр. Шинэ он гарахад 40 хоног үлджээ. Өнөөдөр дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж өнгөрснийг тоймлон толилуулъя.

1695 - Хар арьстан ”Спартак"-ийг цаазлав.

Португалийн колоничлогчид Бразилийн Зүүн хойд нутгийн оргодол хар арьстнуудын удирдагч “хар арьстан Спартак” гэгдэх Зумби душ Палмарешийг 1695 оны энэ өдөр цаазалжээ.Үүнээс 100 жилийн өмнөөс ширэнгэн ойд оргодол боолуудын цэргийн бүлэглэл квиломбо ихээр бий болж эхэлсэн байна. “Боол байснаас үхсэн нь дээр” гэсэн уриан дор Зумби бараг хориод жил португаличууд ба голландчуудтай тэмцэж байв. Урвагч нар түүнийг барьж өгсөн аж. Түүний нас барсан өдрийг Бразилид хар арьстнуудын өөрийн ухаарлын өдөр гэж тэмдэглэдэг.

1800 -  Михайловскийн ордныг сүмийнх нь хамт аравнайлжээ.

Эзэн хаан I Павел тэрхүү нэвтэршгүй  шилтгээндээ хана, дээврийн шавар нь хүртэл бүрэн хатаагүй байхад нүүн орж байжээ. Арваннэгдүгээр сарын хүйтэн өдрүүдэд шилтгээний коридороор уур хөөрөн аймшгийн дүр төрхтэй байсан аж. Өргөдөг гүүртэй усан суваг, гвардийн харуулынхан тус болсонгүй, шилтгээнд нүүн орсноос 40 хоногийн дараа эзэн хаан унтлагын өрөөндөө боомилогдон хөнөөгджээ.

1805 - Энэ өдөр  Людвиг ван Бетховены цорын ганц дуурь “Фиделио”-г анх тогложээ.

Наполеоны цэрэг Вена хотыг эзэлснээс долоо хоногийн дараа “Театр-ан-дер-Вин” театрт энэ дуурийг тогложээ. Дуурийн гол баатар Леонара гэдэг эмэгтэй Фиделио гэдэг залуугийн төрхөөр шоронд нэвтрэн дарангуйлагчтай тэмцэгч, хайртай нөхрөө авардаг. Хөгжмийн театрын агуу бүтээлийн нэг энэхүү дуурь үзэгчдэд анх таалагдаагүй ажээ.

1820 – Халим агнуурын "Эссекс" хөлгийг хэд хэдэн удаа асар том халим  мөргөжээ.

Америкийн 238 тонны усны түрэлттэй далбаат хөлөг 1819 онд Массачусетс мужаас агнуурт гарчээ. Бүтэн хагас жилийн турш "Эссекс" Номхон далайн өмнөд хэсэгт  агнуур хийж байсныг нэг халим зогсоосон юм. 1820 оны арваннэгдүгээр сарын 20-нд экваторын бүсийн баруун уртрагийн 119 градуст  хөлөг онгоцноос халимын сүргийг өглөө эрт харжээ. Хөлгөөс гурван хурдан завь гарган, тэднийг хөлгийн ахмад Поллард, ахмадын туслах Чейс, хөлгийн хөтлөгч Жой нар даргалж халимнуудыг агнахаар очсон байна. гэвч халимны дайралтад өртсөн завь арай гэж хөлөгтөө хүрсний дараа 25 метрийн орчим урт халим "Эссекс" хөлгийг хэд хэдэн удаа мөргөн сүйрүүлжээ. Хөлгийнхөн арай гэж сарын дараа Поллардын вельбот  Даси гэдэг эзгүй жижиг аралд хүрчээ. Ахмадын туслах өөр вельботод явсан Чейз  аврагдсаныхаа дараа энэ адал явдлын тухай тайлангаа бичжээ. Үүнээс гучин жилийн дараа энэ хэрэг явдал Герман Мелвиллийн “Цагаан халим Моби Дик” роман болон бичигджээ.

Энэ үйл явдал бүтэн хагас зууны турш “цагаан халимны” тухай усан цэргийнхний домог гэж тооцогдож ирсэн юм. Харин 1974 онд түүнтэй адил альбинос халимын эмэгчинг далайн усан санд авчран  судалж эхэлсэн байдаг.

1833 - I Николай хааны зарлигаар Эзэн хааны Михайловын театрыг нээжээ.

I Павелын бага хүүгийн нэрээр түүнийг нэрлэжээ. Их ван Михайловт тэр ордон нь өргөө болон театр нь дээдсийн үзмэрийн газар болжээ.

1917 оны Октябрын хувьсгалын дараа театр илүүтэй драмын болж, гадаадын жүжигчид буцсаны улмаас театрын өөрийн хамт олон гарч иржээ. 1918 онд түүнийг хотын хоёр дахь  Дуурийн театр болгосон ба 1920 оноос инээдмийн дуурийн улсын театр нэр авав. 1926 оноос Ленинградын дуурийн бага театр нэртэй болов. 1991 онд хувьсгалаас өмнөх нэрээ аван одоо Санкт-Петербургийн М.П.Мусоргскийн нэрэмжит дуурь бүжгийн улсын академийн Михайловын театр гэгдэх болжээ.

 

1877 - Томас Эдисон фонограф бүтээснээ зарлав. Гурван сарын дараа тэр түүндээ патент авчээ.

1910 - Оросын суут зохиолч Лев Николаевич Толстой 1910 оны арваннэгдүгээр сарын 20-нд нас баржээ.

“Надад хэн нэг нь бүү саад болог гээд би хаа нэг тийшээ явлаа. Намайг тайван үлдээ” хэмээн хэлсэн нь их зохиолчийн сүүлчийн үг байжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Толстой хүрээлэн буй орчин нь түүний ёс суртахуунтай зөрөлдөж байснаас ихээхэн шаналж байлаа. 1910 оны арваннэгдүгээр сарын 10-нд хувийн эмчтэйгээ хамт гэр бүлээ орхин нууцаар гарч явсан байна. Тэгж явах замдаа 82 настай их зохиолч хатгаа авч Астапова станцад галт тэрэгнээс буугаад сүүлийн долоо хоногийг уг станцын даргын гэрт өнгөрөөгөөд нас баржээ.

1920 - Сталинаас Ленин, Чичерин хоёрт цахилгаан ирүүлжээ. И.В. Сталин Гүржийн зөвлөлтжүүлэх саналын хувилбараа “Минийхээр бол бол Турк, Гүрж хоёрын дайн Орост түүнд оролцон өмөөрөх боломжийг өгөх юм” гэж танилцуулсан байна.

1922 – Москвагийн зөвлөлд Ленин олны өмнөх сүүлчийн үгээ хэлжээ.

1935 –Туршин нисэгч  П.М. Стефановский "Звено" гэсэн төслийн хүрээнд таван сөнөөгч онгоцыг бэхэлсэн хүнд бөмбөгдөгч онгоцыг жолоодон дэлхийн анхны нислэгийг хийн хөөрлөө.

1930-1940-өөд онуудад Зөвлөлтөд онгоц тээгч онгоцны төсөл дээр инженер В.С.Вахмистров эрчимтэй ажиллан сөнөөгч онгоцнуудын нислэгийн хугацааг уртасгахаар оролджээ. Жижиг сөнөөгч онгоцнуудыг хүнд бөмбөгдөгч онгоцны эх бие, далавчны дээр доор бэхэлсэн байна. Тэднийг тусгай төхөөрөмжүүдэд бэхлэн бөмбөгч онгоцноос нисэгч нар нь  бэхэлгээний цоожийг тайлан чөлөөлдөг байжээ.

1941 –Бүслэлтэд байсан Ленинградад хүнсний бүтээгдэхүүний норм тогтоожээ. Хүнсний багцийн хоногийн нормын хэмжээ нь:
— Ажилчдад–250 грамм талх
— Албан хаагчид ба тэжээлгэгч, 12 нас хүртлэх хүүхдэд - 125 грамм
— Цэрэгжсэн хамгаалалтын алба, гал команд, сөнөөгч отрядууд, гар урлал фабрик заводын сургуулийн бүрэлдэхүүнд -300 грамм
— Тэргүүн шугамын дайчдад - 500 грамм тус тус байв.

1945 - Гуравдугаар рейхын  цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүх Нюрнбергийн шүүх хурлын ажиллагаа эхлэв.

Энэ шүүх хурал Германы Нюрнберг хотын олон улсын цэргийн шүүхэд болж, 1946 оны аравдугаар сарын нэгэн хүртэл үргэлжилжээ. Фашистын Германы төрийн болон цэргийн дээд тушаалын зүтгэлтнүүдийг шүүхэд шилжүүлсэн юм. Тэд цэргийн нэн хүнд ноцтой гэмт хэрэг үйлдэж, энх тайван, хүнлэг ёсны эсрэг хуйвалдаан зохион байгуулсан гэм буруутай. Түүнчлэн Национал-социалист намын удирдах бүрэлдэхүүн, дайрагч (СА) болон хамгаалалтын отрядууд (СС), аюулаас хамгаалах алба (СД), төрийн нууц цагдаагийн байгууллага (гестапо), засгийн газрын танхим, жанжин штаб зэрэг фашистын Германы байгууллагуудыг ялт байгууллага гэж үзсэн байна. Фашистын Германы дэгдээсэн дайнд 55 сая гаруй хүн амь үрэгдсэн билээ.

1947 –Их Британийн Вестминстерт Елизавета гүнж флотын дэслэгч лорд Филип Маунтбеттентай гэрлэх ёслол хийжээ.

Гүнж удалгүй IIЕлизавета хатан хаан болсон ба лорд Эдинбургийн герцог болжээ.

1965 - "Хөгжмийн дуу" ("The Sound of Music") киноны саундтрек америкийн цомгуудын чартын №1 болжээ.

1966 –Бродвейн "Бродхерст"  театрт хөгжмийн зохиолч Жон Кендер, либреттист Фред Эбба нарын "Кабаре"  хөгжимт жүжгийг Жо Мастерофф найруулан тавьсны анхны тоглолт болов. Жилийн дараа  жүжиг шилдэг мюзиклээр шалгарч “Тони” шагнал авчээ.

1976 - "Kiss" өөрийн карьерт эхний ба сүүлчийн удаа америкийн синглийн чартын "Топ-10"-т "Beth" дуугаараа оржээ.

1979 –Өвчтөнд анх удаагаа хиймэл цус юлжээ.

1984 - Холливудын алдартнуудын модот  гудамжинд "Mann's Chinese Theatre" театрын ойролцоо Майкл Жексоны нэртэй  таван  хошууг байрлуулав. Тэрээр ийм таних тэмдэг авсан 1793 дахь хүн болжээ.

1991 –ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Иргэний хамгаалал, онцгой байдлын улсын хороог байгуулжээ. Уг хороог С.К.Шойгу толгойлох болов.

1998 –Олон улсын сансрын станцын “Заря” анхны модулийг сансарт хөөргөжээ.

Дэлхийн хүүхдийн өдөр

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс зөвлөсний дагуу 1954 оноос эхлэн бүх дэлхийн хүүхдүүдийн харилцан нөхөрлөл, найрамдлыг бэлэгдсэн арга хэмжээг энэ өдөр тэмдэглэхийг санал болгосон нь өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна. 

1959 оны арваннэгдүгээр  сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан ба энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал бусад хүний эрхийн талаарх болон олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай юм. Дээрх тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна. НҮБ-аас дэлхийн хүүхдийн өдрийг (Universal Children's Day) тэмдэглэхийн чухлыг онцолж, энэ өдрийг тэмдэглэснээр улс орны эрх баригчид хүүхэдтэй холбоотой асуудалд тавих анхаарал нэмэгдэх нь чухал гэж үзээд  хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой олон чухал гэрээ, конвенцийг энэ өдөр баталсан байдаг. Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн Конвенци болж чадсан юм. Манай орны хувьд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны тавдугаар сарын 8-нд Их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар байгуулагдаж байсан түүхтэй.

Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд тав дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны тавдугаар сарын 8-нд батлан гаргасан бөгөөд зургаадугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ. Хүүхдийг хамгаалах олон улсын өдрийг жил бүрийн зургаадугаар сарын 1-нд тэмдэглэдэг.


Мексикийн хувьсгалын өдөр
Мексикт 1910-1917 оны хувьсгалын өдрийг тэмдэглэхдээ цэргийн жагсаалыг уламжлалын дагуу хийдэг. Тус улсад Франсиско Мадерогийн удирдсан зэвсэгт бослогоор хувьсгал эхэлсэн бөгөөд элитүүд тансаглаж, хүн амын дийлэнх болсон тариачид ядуурсан байлаа. Улс даяар ажил хаялт болж, тариачдын самуун эхэлжээ. Энэ байдал нь дарангуйлагч Порфирио Диасыг ерөнхийлөгчийн сонгууль явуулахад хүргэсэн байна. Тэрээр албан тушаалаа алдахгүйн тулд гол өрсөлдөгч Франсиско Мадерог шоронд хорьжээ. Удалгүй түүнийг чөлөөлөхөөс өөр аргагүй  болсон ба Мадеро зэвсэг барин тэмцэх болсон байна. Түүний хамтрагч нар нь Панчо Вилья, Эмильяно Сапата нар байв. Диас огцорч Эмильяно Сапатагийн дэмжлэггүйгээр Франсиско Мадеро ерөнхийлөгч болсон юм. Сапата түүнийг үл зөвшөөрч Морелос мужийн захирагчаар өөрийгөө зарлаад баячуудыг хөөн газрыг нь тариачдад өгч эхэлсэн аж. Газар хуваарилах ажил 1917 онд дуусчээ. Үндсэн хууль батлагдан газар, газрын хэвлий, усыг үндэсний баялаг гэж тунхагласан байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)