Утаатай 20 жил

Улаанбаатарын агаарын бохирдлын тухай олон жил ярив. Хойтон жил утаа ярьж эхэлсний 20 жилийн ой болно. Энэ түүхэн ойг тохиолдуулаад өвлийн нэгэн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгоод бүгдээрээ агаарын бохирдлын эсрэг бодитой ажил хийж, ярьж, тэмцэж, шахаж шаардахад ер нь болохгүй гэх газаргүй. Бурханд мөргөж залбирах бүх нийтийн амралтын өдөр санаачилсан гишүүдэд хэлэхэд энэ бол өлгөж аваад хэрэгжүүлчихмээр дажгүй идеа шүү.

Утааны түүх яаж эхэлсэн бэ гэвэл 2000 онд нэрт сэтгүүлч, СГЗ Ц.Дашдондов тухайн үеийн хотын мээр М.Энхболдод хорт утааны баг бэлэглэхэд олон нийт гайхан, сонжин хүлээж авч байсан юм. Ихийг үзэж, олныг таньсан буурал сэтгүүлч нэгийг бодож, хоёрыг тунгаа гэж ийм бэлэг бэлдсэн нь ойлгомжтой. Дараа жил нь “Өнөөдөр” сониныхон нийслэлийн Засаг даргаас гадна Байгаль орчин, Дэд бүтцийн сайд нар тэргүүтэй эрх баригчдад хорт утааны баг бэлэглэн Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах талаар дорвитой арга хэмжээ авахыг уриалж байв.

18-19 жилийн өмнөх хотын утааг өнөөдрийнхтэй харьцуулах аргагүй л дээ. Тухайн үед Улаанбаатарын агаарт утаа ёстой л үнэртэх төдий байсан юм. Гэхдээ цаашид утаа улам өтгөрнө гэдгийг жаахан юм боддог, сэтгэдэг хүмүүс бол олж харчихаад байсан хэрэг. Харин Засгийн газар хийгээд хотын удирдлага дотор тийм улс байсангүй. Байсан ч тэд үүсч болзошгүй бохирдол, эрсдэлийг угтан харж, түүнээс урьдчилан сэргийлэх талаар бодит үр дүн гарах юу ч хийсэнгүй. Тэр үед дорвитой бөгөөд зөв сайн шийдвэр, шийдлүүд гаргаад хэрэгжүүлчихсэн бол өнөөдөр өөр байх байлаа.

Улаанбаатарын агаарын бохирдол 19 жилийн өмнө ямар байсан, бохирдуулагч эх үүсвэрүүд нь юу юу байв гэдгийг эргээд харъя. 2000 онд Улаанбаатар 50-иад мянган автомашинтай байв. Мэдээж ихэнх нь Солонгос, Японоос оруулж ирсэн хуучин тэрэгнүүд. Тиймээс утаа ихтэй байж. Харин Улаанбаатарын агаарыг бохирдуулагч гол эх үүсвэр гэр хороололд 80-аад мянган өрх байжээ. Тэгвэл өнөөдөр автомашины тоо 600 мянга давж, гэр хорооллын өрхүүд 200 гаруй мянга болон өнөржөөд буй.

Утаатай хамт гэрийн зуухыг шинэчлэх үлгэр эхэлж 2001 онд л гэхэд 15 мянган өрхөд сайжруулсан зуух тавихаар шийдвэр гарч байжээ. Өнөөдөр зуух, пийшингийн тоо нь хэдэн арав дахин нэмэгдэж, энэ ажилд зарцуулах төсөв нь тэрбум тэрбумаар өссөнөөс биш утаа нь буураагүй хэвээр. Зуухны тухай яриа эдүгээ зууханд галаа хэрхэн түлэх тухай зөвлөгөөгөөр үргэлжилж буй.

“Хорол тоонон дор аргал түлж” ирсэн нүүдэлчид пийшин, зууханд нүүрс түлж суралгүй XXI зуунтай золгосон ажээ. Хотын утаа гэрийн утаа болж, сайжруулсан зуухны кампани сайжруулсан түлшнийхээр солигдсон түүхэн өвлийг бид угтах гэж байна.

Дотоод орчны довтолгоон

Нийслэлчүүд яг одоогоор агаарын бохирдолд санаа зовохоо больж, харин угаарын бахардалд сэтгэл зовниж байна. Агаартай ч угаартай байгаагаас ийм байдал үүсэв. Айдас төрүүлсэн угаар гадаа биш гэрт нь үүсэх эрсдэлтэйгээс тэр.

Энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатарт түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэр гарч, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд 100 хувь нэвтрүүлсэн. Харамсалтай нь намрын сэрүү орсноос хойш долоон хүн угаарын хийнд хордон нас барж, олон арван хүн угаартаж эмнэлгийн тусламж аваад байгаа. Ийм золгүй тохиолдол гарсан нь дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах талаар дорвитой ярих болсныг харууллаа.

Тиймээс сайжруулсан түлшний чанар, аюулгүй байдал, буруу зөв хэрэглээ зэргийг хойш тавиад дотоод орчны агаарын бохирдол гэж юу болох, ямар эх үүсвэрүүд байдаг, хэр хор хөнөөлтэй вэ гэдгийг онцолъё. Юуны өмнө зөвхөн ганц түлш түлээнээс болж дотоод орчин бохирдохгүй гэдэг нь ойлгомжтой. Дотоод орчны агаарыг бохирдуулдаг олон эх үүсвэр бий. Үүгээрээ гадна орчны агаарын бохирдлын эх үүсвэрүүдийг хол хаяна. Мөн дотоод орчны агаарын бохирдол гадна орчныхоос илүү хортой. Учир нь дотоод орчны агаарын бохирдол ихэнх тохиолдолд гадагшаа гардаггүй. Тиймээс хүний бие организм уг хорт бодисуудыг шүүж, өөртөө шингээж агуулдаг байна.

Дотоод орчны агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэрт гадаад орчны агаарын бохирдол, гэрт гал түлэх, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал, тамхины утаа, барилгын материал болон тавилга, тамхины утаа, угаалга ариутгалын бодис зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээр  дотоод орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдээс бий болсон нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд зэрэг бохирдуулагч бодисууд нь арьс, амьсгалын замаар хүний биенд нэвтэрч уушигны хатгалгаа,  бага жинтэй төрөлт, уушгины хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог.

НЭМҮТ-ээс гаргасан мэдээллээс:

Хүн амьдралынхаа 80-90 орчим хувийг дотоод орчинд буюу ажлын байр, сургууль, цэцэрлэг, олон нийтий газар, машин, гэрийн нөхцөлд өнгөрүүлдэг гэсэн тооцоо, судалгаа байдаг аж. Тэгэхээр дотоод орчны агаарын чанар хүний эрүүл мэндэд асар чухал гэдэг нь тодорхой.  Дотоод орчны агаарын бохирдол нь өвчлөл үүсэхэд нөлөөлдөг томоохон эрсдэлт хүчин зүйл болдог гэдгийг ДЭМБ тогтоосон байна. Орон гэр, ажлын өрөө, олон нийтийн газрууд гээд бүхий л барилга байгууламжид агаарын солилцоо хангалттай байх ёстой. Агаар сэлгэлтийн систем бол барилгын норм, стандартын нэг чухал бүрэлдэхүүн нь. Тухайлбал, хүүхэд цагт 30 шоо метр агаараар амьсгалж байвал хэвийн гэж үздэг. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний агаарын солилцоо, сэлгэлт чөлөөтэй явагдаж байх системийг сургууль, цэцэрлэгийн барилгад хийсэн байх учир ёстой. Энэ стандарт Монголд 30 байтугай гурван шоо метрт ч хүрдэггүй гэхээр дотоод орчны агаарын бохирдол ямар хэмжээнд байгааг төвөггүй хэлж болох юм. Агаар сэлгэлт огт байхгүй ийм орчинд байгаа хүүхдүүд адаглаад л ханиад, томуугийн халдвар амархан авна. Цаашилбал дотоод орчны агаарт агуулагдаж буй хорт бодисуудад шууд хордоно. Сульдаа, ядаргаанд орно. Хүүхдийн эрүүл мэнд, тэдний суралцах чадварт сургуулийн хүрээлэн буй орчны хүчин зүйлсийн үзүүлэх нөлөөлөл 70 хүртэлх хувь, тухайлбал сургуулийн дотоод орчны агаарын чанар, бичил цаг уур, цэвэрлэгээ зэрэг эрүүл ахуйн нөхцөлөөс гадна бусад хүчин зүйл сөргөөр нөлөөлдөг байна.

Манай улсад дотоод орчинд агаар бохирдуулагчдыг судалсан хэд хэдэн судалгаа байдаг. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд 2016 онд хийсэн “Сургуулийн дотоод орчны агаарын чанар, сургалтын орчны эрүүл ахуйн үнэлгээ”-ээр сургуулийн анги танхимын агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламж өндөр байгаа нь агааржуулалт хангалтгүй, анги танхимын бичил цаг уурын үзүүлэлт эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгааг тогтоож, гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын үндсэн үзүүлэлтийн нэг болох нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ өндөр байгаа нь суралцагсдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд байна гэсэн дүгнэлт гаргаж байв.

Далд утаа

Насанд хүрэгчдийн хувьд ч гэсэн дотоод орчны агаарын бохирдол төрөл бүрийн өвчлөлийн үндэс шалтгаан болдог аж. Ямар нэгэн шалтгаангүйгээр хүний бие тавгүйтдэг эмгэгийг орчин үеийн анагаах ухаан sick building syndrome гэж нэрлэсэн нь аанай л дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой.

Гэр хороололд байршилтай цэцэрлэгүүдийн дотоод орчны агаарт РМ2.5 тоосны бохирдлын дундаж түвшин хоногийн хүлцэх хэмжээнээс 1.9 дахин хэтэрсэн байна. Энэ нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрсэн үзүүлэлт. Цэцэрлэгийн дотоод орчны агаар дахь РМ2.5 тоосны бохирдол Улаанбаатар хотын гадаад орчны агаарын бохирдлоос шууд хамааралтай бөгөөд гадаад орчны агаар бохирдол ихтэй өдрүүдэд цэцэрлэгүүдийн дотоод орчны агаарын бохирдол нэмэгдэж байгаа нь тогтоогдсон.

АШУҮИС-ийн “Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах интервенц судалгаа”-ы тайлангаас. 2017 он. Сургууль, цэцэрлэг дээр л жишээ авсан болохоос биш албан байгууллага, олон нийтийн үйлчилгээний газрууд, айл өрхүүд ч ялгаагүй агаар сэлгэлт хангалтгүйгээс дотоод орчны агаарын бохирдол их. Энэ нь сүүлийн үеийн барилгуудад агаар сэлгэлтийн системыг нэр төдий хийдэг, эсвэл агаар сэлгэлтийн системээ тогтмол ажиллуулдаггүй зэрэгтэй холбоотой. Гэтэл тухайн барилгын хийцээс эхлээд дотоод орчны агаарыг нь бохирдуулж байдаг эх үүсвэр олон. Хорт хавдар үүсгэдгийг нь тогтоогоод барилгын хийц, бүтээцэд ашиглахыг АНУ-д 30 жилийн өмнө хориглосон асбест гэдэг материалыг монголчууд өнөөдөр ашигласаар байгаа гээд л бод.

Улаанбаатарын агаарын бохирдол зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэдэн арав дахин давсан тул барилга, байгууламжуудад байгалийн жамаар агаар сэлгэлт явуулах боломжгүй. Гадаахь утаатай агаараар дотоод орчны агаарыг сэлбэнэ гэж юу байх билээ. Хааж битүүлээд байхад л гэр орон, сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудад утаа үнэртэх болоод уджээ. Тиймээс сүүлийн хэдэн жил агаар цэвэршүүлэгчийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн. 2017 оны өвөл Засгийн газраас нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгүүдийг агаар шүүгчээр хангах шийдвэр гаргаж, уг ажилд дөрвөн тэрбум төгрөг төсөвлөж байв.

Дэлхийн хэмжээнд гурван тэрбум гаруй хүн хатуу түлшийг халаалт болон хоол унд хийх зориулалтаар ашиглаж байгаа нь амьсгалын болон архаг өвчлөл, гуурсан хоолойн багтраа, зүрх судасны өвчлөл үүсэх эрсдэл дагуулдаг гэж ДЭМБ-ын тайланд дурджээ. Энэ бол монголчууд бидэнд хамаатай статистик.

Гэр хорооллын айл өрхүүдийн хувьд дотоод орчны агаарын бохирдол их. Гадаад орчны агаарын бохирдол үүнд шууд нөлөөлөхөөс гадна түлж буй түлшний чанар, хэрэглээ энэхүү бохирдлын нэг гол эх үүсвэр нь болж буй. Иргэд нүүрсний угаарт цохиулан орон гэртээ амь насаа алдах золгүй тохиолдол гарсаар ирснийг сайжруулсан түлшний дуулианаар л олон нийт мэддэг болов. Угаар мэдрэгчийг гэр хорооллын айл өрх бүрт суурилуулснаар амь насыг нь хамгаална. Гэхдээ энэ нь дотоод орчны агаарын чанарыг сайжруулчихна гэсэн үг биш. Дотоод орчны агаарыг бохирдуулдаг олон довтолгоог хэрхэн сааруулж, бүрмөсөн арилгах вэ.

Хотын агаарын бохирдол их эсвэл бага байгааг, салхитай, салхигүй өдрийн ялгааг, яндангуудаас гарч байгаа утаа багассан эсэхийг хүн бүхэн шууд хараад л мэддэг. Тэгвэл айл гэр, албан байгууллагын доторхи агаарын бохирдол шууд ил тод харагдаж, мэдрэгдэхгүй. Ороод гарсан хүн ч анзаарахгүй. Харин тэнд байнга ажиллаж, амьдарч байгаа хүн хор хөнөөлийг нь амсана. Эрүүл мэндээрээ хохирно. Далд утаа үүгээрээ илүү адармаатай, бас аюултай. Дахин хэлэхэд гадаа агаартай ч гэрт угаартай гэдгийг л мартаж болохгүй нь.