Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо болон Оюуны өмчийн газар хамтран оюуны өмчийг хамгаалах талаар арга хэмжээ авахаар болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр оюуны өмчийн бүтээл youtube суваг, фейсбүүк хуудас, албан ёсны зөвшөөрөлгүй CD, DVD-гээр дамжин алдагддаг талаар хэлэв. Зохиогчийн эрхийн салбарын 30 орчим хувийг кино урлагийн салбар эзэлдэг. Тиймээс яах аргагүй кино урлагийн оюуны өмчийн хулгайн асуудлыг анхаарах цаг болсон гэдгийг Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Батзориг хэллээ.
Мөн энэ үеэр “Монгол фильм”-ийн захирал, кино найруулагч Д.Золбаяр “Дэлхийн кино урлагийг Холливуд болон бусад гэж ярьдаг. Холливудын зах зээлийн хувьд маш олон кино театруудаар зэрэг нээлтээ хийж, ашгаа олчихдог учраас арай өөр зарчим баримталдаг. Тийм учраас шууд интернетэд татаж үзэж болдог. Гэтэл Европын кино урлагт шинээр нээлтээ хийсэн кинонууд 10 жил дотор интернетээс үзнэ гэж байхгүй. Тэгж кино бүтээлээ хамгаалж чадаж байна. Манай улсын кино урлагийн хувьд цөөн хүн амтай учраас Европын зах зээлийг дагах ёстой. Жишээлбэл, БНХАУ оюуныхаа өмчийг хамгаалж эхэлсэн байна. Миний хамгийн сүүлд хийсэн “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киног зарим нь үзэж амжаагүй байх. Учир нь бид оюуны өмчийн хулгайгаас болгоомжилж, Монголын кино театруудаар тийм ч сайн гаргаагүй. Уран бүтээлчдийн зүгээс удаан хөөцөлдсөний эцэст БНХАУ-ын зах зээлд гаргах эрхийг авч, есдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр Хятадын төлбөртэй 40 сувгаар нэг хүн үзэхдээ 10 юань төлж үздэг болсон. Гэтэл “Чингисийн хүүхдүүд” кино тавигдаад, долоо хоногийн дотор хулгайд алдагдаж, нийтийн сүлжээнд тавигдсан байна. Тэгээд бид холбогдох байгууллагаар шалгуултал Wechat дээр долоо хоногийн дотор 260 мянган хүн үзсэн байсан. Тэр хүмүүс 10 юань төлж үзсэн бол зохих хэмжээний мөнгө Монголын талд орох ёстой байсан. Хятадын худалдаж авсан компанидаа хандахад тэр дор нь хааж, арга хэмжээг авсан” гэлээ.