Израиль улс Палестинаас булааж авсан Иордан голын баруун эргийн газар нутаг дээрээ еврейн сууринг ээлж дараалан байгуулж байгаа билээ. Ерөнхийлөгч Барак Обамагийн үед АНУ Израилийн энэ үйлдлийг буруушаасан байр суурь илэрхийлдэг байсан. Тэгвэл Д.Трампын үед энэ байдал өөрчлөгдөж, Израилийн талыг баримталсан бодлого барих болжээ. Д.Трамп бүрэн эрхээ хүлээж аваад удаагүй байхдаа Элчин сайдын яамаа Тель Авиваас Йерусалим руу шилжүүлж Палестин хийгээд Арабын ертөнцийн дургүйцлийг төрүүлж байсан бол Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр “Иордан голын баруун эрэгт еврейн суурин байгуулж байгаа Израилийн үйлдлийг олон улсын хэм хэмжээг зөрчсөн гэж үзэхээ болино” гэж мэдэгдэв.

Тэрээр ингэх болсон шалтгаанаа “Вашингтон өмнө нь Иордан голын баруун эрэгт еврейн суурин байгуулахыг олон улсын хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байсан. Гэхдээ ингэж үзлээ гээд энэ бүс нутагт энх тайван тогтонгүй. Энхийн хэлэлцээрийг ч урагшуулсангүй” хэмээн тайлбарлажээ.