Авлига, хээл хахууль, санхүүгийн луйврын эсрэг баримталдаг зарчмын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Өнөөдөр Мянганы сорилтын сан болон Мянганы сорилтын сангийн корпорацын Суурин төлөөлөгчийн газар хамтран ил тод байдал, сайн засаглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар авлига, хээл хахууль, санхүүгийн луйврын эсрэг АНУ-ын Засгийн газар болон МСК-ын баримталдаг суурь зарчмууд, улмаар тэдгээр зарчим нь МСК болон Монголын МСС-ийн үйл ажиллагаанд бодитоор хэрхэн тусгалаа олсон байдаг талаар танилцуулахын сацуу авлига, хээл хахууль, санхүүгийн луйвартай үр дүнтэй тэмцэх, сэргийлэх, таслан зогсоох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монголын мянганы сорилтын сан Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах үүргийг гүйцэтгэж буй. Энэ хүрээнд Монголын МСС болон МСК-ын Суурин төлөөлөгчийн газрын ажилтнуудад авлига, хээл хахууль, санхүүгийн луйврын эсрэг МСК-ын зарчим, бодлогыг танилцуулж, сургалт хийх, улмаар цаашид Авлига, хээл хахууль, санхүүгийн луйврын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад туслалцаа үзүүлэх зорилгоор МСК-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвартай тэмцэх асуудал хариуцсан Ахлах захирал Крис Уильямс энэ сарын 18-21-нд Улаанбаатар хотноо ажиллаж байгаа юм. Авлига, хээл хахууль, санхүүгийн луйврын эсрэг МСК-ын баримталдаг зарим, дүрэм журмыг танилцуулах энэхүү 3 өдрийн сургалтад Монголын МСС-ийн бүх ажилтан хамрагдах бөгөөд сургалтын дараа МСК-тай хамтран Монголын Усны Компактад хамаарах авлига, хээл хахууль, луйврын эрсдэлийг тодорхойлж, улмаар авлига, хээл хахууль, санхүүгийн луйврын эсрэг цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах юм. Улмаар дээрх үйл ажиллагааны төлөвлөгөөг Монголын МСС-ийн вэб хуудас дээр нийтэлж, цаашид жил тутамд шинэчлэх гэнэ. Энэхүү сургалт болон Авлига, хээл хахууль, луйврын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө нь МСК-ын бодлогын дагуу Компакт гэрээ хэрэгжүүлж буй бүх улс орнуудад заавал хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэг аж. Энэ нь нэг талаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаанд гарч болзошгүй авлига, санхүүгийн луйврын эрсдэлээс сэргийлж, төсөл хөтөлбөрийг үр ашгийг өндөр байлгах баталгааг хангахаас гадна, Компакт хэрэгжүүлэгч бусад улс орны Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвартай тэмцэж буй туршлагаас суралцаж, өөрийн орны туршлагыг мөн хуваалцах боломж олгодогоороо өндөр ач холбогдолтой ю байна.

Дашрамд дурдахад, МСК нь Компакт гэрээ байгуулах боломжтой орныг шалгаруулахдаа “Эдийн засгийн эрх чөлөө, Хүний хөгжилд хийсэн хөрөнгө оруулалт, Шударга засаглал” гэсэн гурван үндсэн үзүүлэлтийг баримталдаг бөгөөд тэдгээр шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг Компактын хэрэгжилтийн шатанд ч жил тутам үнэлэн баталгаажуулдаг. Монгол Улс 2016 онд “Шударга засаглал” шалгуурын нэг хэсэг болох “Авлигын хяналт” үзүүлэлтээр хангалттай оноо аваагүй хэдий ч МСК-ын Удирдах зөвлөлөөс хоёр дахь Компакт байгуулах орноор дахин шалгаруулсан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)