АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер өчигдөр, АНУ, БНСУ хоёр улс цэргийн нэгдсэн сургуулилалтаа хугацааны хязгааргүйгээр хойшлуулж, БНАСАУ-д хандан “эерэг дохио өгнө” гэжээ. Тэрээр Тайландын нийслэл Бангкок хотноо АСЕАН-ы батлан хамгаалахын сайд нарын албан бус хуралд оролцох үедээ АНУ, БНСУ-ын хамтарсан хэвлэлийн бага хурал дээр энэ үгийг хэлсэн байна. Марк Эспер АНУ, БНСУ цэргийн нэгдсэн сургуулилалтаа хойшлуулсны зэрэгцээ БНАСАУ-д найр тавьж буй нь тус улсын цөмийн заналхийллийг арилгахын тулд “дипломат харилцааны үүд хаалгыг нээх” зорилттой юм. АНУ, БНСУ хоёр орон “эцсийн бүлэгт Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохыг эрмэлзэж байна” гэжээ. Тэрээр мөн “урьдач нөхцөлгүйгээр” хэлэлцээний ширээнд эргэн ирэхийг БНАСАУ-д шаардсан байна.
Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг энэ сарын 13-нд мэдээлснээр, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч мөн өдөр үг хэлж, АНУ, БНСУ ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр буй агаар дахь нэгдсэн сургуулилалт нь “БНАСАУ-ыг эсэргүүцсэн дайсагналын сургуулилалт” юм хэмээн шүүмжилжээ. Хойт Солонгосын хэвлэлийн төлөөлөгч хэлсэн үгэндээ "Ийм үйлдэл БНАСАУ, АНУ-ын Сингапурын уулзалтын нийтлэг ойлголтыг “бүрмөсөн үгүйсгэж”, АНУ, БНСУ удаа дараа цэргийн нэгдсэн сургуулилалт өрнүүлж буй нь “зөвийг муухай үйлдлээр бусниулсан урван тэрсэлсэн үйлдэл” юм гэж хэлсэн байна.