“Нью Йорк таймс” сонин Хятадын Коммунист намын нууц бичиг баримтуудыг олон нийтэд дэлгэжээ. 400 гаруй хуудас бүхий баримт бичигт “Шашны цөөнх болох Шинжаан Уйгурын исламын шашинтнуудыг дахин хүмүүжүүлэх тухай” асуудлыг хөнджээ.
Баримтыг нам дотор ажилладаг нэг хүн цуглуулаад сонинд өгсөн гэж редакцийн тайлбарт дурдсан байсан бөгөөд ерөнхийдөө орон нутгийн эрх баригчдад өгөх зөвлөгөө удирдамж маягийн зүйл юм байна.
Түүнд Шинжаан Уйгурын лалын шашинт иргэдийг дахин хүмүүжүүлэхийн тулд бөөнөөр нь хорих хуаран байгуулах, түүнд явагдах үйл ажиллагааны зорилго, арга зүй, тэр бүү хэл алга болсон хүүхдүүдээ эрж сурагласан эцэг эхчүүдэдийн уур хилэнг намжаахын тулд хэлэх үгийг нь хүртэл зааж өгсөн байжээ. Жишээ нь, эцэг эхчүүд хүүхдээ сураглаж ирэх юм бол “Засгийн газраас байгуулсан тусгай сургуульд байгаа” гэж хэлнэ. “Тэр сургуульд хамрагдахгүй л бол шашны хэт даврах үзлийн аюулыг хэзээ ч ойлгохгүй” гэж ухуулах, тэгээд ч ойлгохгүй бол хүүхдийг сургуулиас чөлөөлөх эсэхэд эцэг, эхийн зан байдал чухал үүрэгтэй гэдгийг ойлгуулах гэх мэтээр зааварчилжээ. Баримтад исламуудын эсрэг үзэл санааны удирдагч нь болох Ши Жиньпиний илтгэл ч байгаа ажээ.

БНХАУ-ын эрх баригчид Шинжаан Уйгурын өөртөө засах орны иргэдийг улс төрийн хэргээр баривчилж, дахин хүмүүжүүлэх лагерь гэгчид хорин тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхлүүлж, хүний эрх байнга зөрчигдөж байгаа тухай олон улсын анхаарлыг татаад буй мэдээлэл ийнхүү бас нэг баталгаатай болж байх шиг байна.