Жилийн бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болоод удаж байна. Энэнхүү тэмдэглэлт өдрөөр төр, нийгэм, урлаг, соёлын зүтгэлтэнд "Чингис хаан" одон олгодог. Энэ жилийн шагналтныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Энэ удаад The Hu хамтлагт уг шагналыг олгохоор болжээ. Өмнө нь зөвхөн хувь хүнд уг шагналыг олгодог байсан бол энэ удаад журамдаа өөрчлөлт оруулж, байгууллага хамт олонд олгох зохицуулалт нэмсэн байна.

Монголын урлагийн ертөнцөд “Хүннү Рок” хэмээх цоо шинэ урсгалаар тоглодог анхны хамтлаг болох “THE HU” нь Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин, продюссер Б.Дашдондогийн санаачилгаар 2012 оноос эхлэн хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн төрлийг тодорхойлох, стиль имижийг бүрдүүлэх ажлууд хийгдэж явсаар 2016 онд албан ёсоор байгуулагдаж, 2018 онд анхны уран бүтээлүүдээ цацаж эхэлжээ. Хамтлагийн гишүүдийн хувьд Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хамтлагийн ахлагчаар Ц.Галбадрах ажилладаг байна.