Хонконгийн цагдаа нар урд шөнө Политехникийн их сургуулийн хотхонд тусгай ажиллагаа явуулж, 200 гаруй эсэргүүцэгчийг баривчилсан байна. Энэ тухай даваа гарагт Ассошиэйтед Пресс мэдээлэв.

Ажиллагаа шөнийн турш үргэлжилж эсрэгүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн оюутнуудын эсрэг цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу ашиглажээ. Мөн их сургуулийн хотхоныг бүсэлж, кампусын бүх орц гарцыг, хаасан байна.

Харин жагсагчид цагдаа руу тоосго, Молотовын коктейль шидсэний улмаас сургуулийн үүдэн хэсэгт ихээхэн хэмжээний гал авалцжээ. South China Morning Post сонинд бичсэнээр цагдаа нарын нэг нь жагсагчдын буудсан суманд өртөж хөлдөө шархадсан байна.

Эх газрын Хятад руу ялтан шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцэж эхэлсэн Хонконгийн иргэдийн жагсаал тав дахь сардаа үргэлжилж байна. Эрх баригчид хуулийн төслөө эргүүлэн татсан ч сөрөг хүчний дэмжигчид эсэргүүцлийн жагсаалаа улам өргөжүүлэх болсон. Даваа гарагийн өглөө Хонконгийн цагдаа "Жагсагчид асуудлыг түрэмгийлэл, хүчирхийллийн хэлбэрт шилжүүлж байвал галт сум ашиглах болно" хэмээн анхаарууллаа.