Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ амралын өдрүүдэд Японы Нарита хотын “Накадай” спорт, соёл, амралтын хүрээлэнгийн спорт цогцолборт боллоо. 18 дахь удаагийн тэмцээнд Япон, Монгол, АНУ, ОХУ, БНХАУ, Украин гэсэн зургаан орны баг өрсөлдснөөс манай тамирчид дөрөвдүгээр байрт оров. Дэлхийн цомын тэмцээнд нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр “В” хэсэгт ОХУ-ыг 6:4-өөр ялж АНУ-д 4:6-гаар ялагдснаар хэсэгтээ хоёрдугаар байрыг эзэлсэн. Тэгвэл өнөөдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2008, 2009, 2010, 2012 оны Дэлхийн цомын аварга хүчирхэг бүрэлдэхүүнтэй БНХАУ-ын шигшээ багтай хийв. Урд хөршийнхөн Японд дэлхийн гурван аварга, дөрвөн дэлхийн медальтантай нэгдүгээр шигшээ багаа илгээсэн бөгөөд манай багийг 3:7-гоор ялж шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм. Нанхиадын эсрэг манай бөхчүүдээс ОУХМ Б.Болортуяа, Э.Гантуяа, Ө.Пүрэвсүрэн нар ялалт байгууллаа. “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа Наритад гурван барилдаан хийж бүгдэд нь ялалт байгуулав. Түүнчлэн Нур-Султаны дэлхийн аварга Жакарра Винчестер (АНУ), түүнтэй хамт хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогссон Ольга Хорошавцева (ОХУ) болон Чен Жиавэй (БНХАУ) нарыг ялсан юм.