Хонконгод байрладаг Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргүүд хуарангаасаа гарч жагсаалын дараа хотыг эмх цэгцтэй болгох ажилд туслаж байна. Цамц, богино өмдөөр ижилссэн цэргүүд жагсагчдын үлдээсэн хог хаягдал, бэхлэлтийг цэвэрлэж байгааг орон нутгийн RTHK телевиз шууд дамжуулав. Бээжингийн зүгээс Хонконгод дэг журмыг сэргээх тухай сэрэмжлүүлэг гаргасны дараа ийнхүү цэргүүд хуарангаасаа гарсан нь олон талаар эргэлзээ төрүүлж байгаа аж. Улстөрч Клаудиа Мо армийн гэнэтийн дүр төрхийг "улс төрийн шоу" гэж нэрлээд Хонконгчуудад сонор сэрэмжтэй байхыг сануулав.

Харин Хонконг хотын төлөөлөгч, энэхүү ажиллагаа нь улс төрийн зорилгогүй зөвхөн олон нийтийн сайн дурын ажиллагаа гэж "Ройтерс" агентлагт ярьжээ.