Өнөөдөр Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн зүүн болон өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Өнгөрсөн хоногт баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарснаас халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдаж, хээр гадаа осгож, хөлдөх эрсдэлтэйг онцгойлон анхааруулж байна.
Маргааш мөн зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас, 19, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. Салхи 18-нд зүүн аймгуудын нутгаар, 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 18-19-нд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна. 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.