Кени улсын Найроби хотод зорчсон монгол иргэн холероор өвчлөөд байна. Тус улсад 11-р сарын 11-14-нд болсон НҮБ-ын Хүн амын сангийн уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцсоноос нэг хүнд бөөлжих, суулгах шинж тэмдэг илрэн лабораторийн шинжилгээгээр холер өвчин болох нь батлагдаж, тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой, зовиур багассан. Харин бусад 19 төлөөлөгч энэ сарын 16 буюу өнөөдрийн гурван нислэгээр эх орондоо иржээ. Эдгээр иргэдэд ямар нэгэн зовиур илрээгүй байгаа ч өвчний голомтот бүс нутагт зорчсон тул эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ХӨСҮТ-д тусгаарлан, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийж байна.
Мөн гурван онгоцонд халдваргүйтгэл хийж, зорчигчдын нарийвчилсан судалгааг гарган, холер өвчний тухай зөвлөмж анхааруулга өгчээ.
Кени улсад 2017 оноос хойш холер өвчний дэгдэлт бүртгэгдэж байгаа бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3889 хүн өвчилж, 26 хүн нас баржээ.
Иймээс та бүхнийг холeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Холер буюу урвах тахал нь вибрионоор үүсгэгдэж бөөлжилт, суулгалтаар эрдэс давс, усаа алдаж, ус эрдсийн солилцооны алдагдалд богино хугацаанд орох цочмог халдварт өвчин юм. Урвах тахал өвчин Монгол улсад анх 1996 онд бүртгэгдэж байжээ.