Мэдээлэлгүй учраас хүүхдүүд сэтгэц идэвхт эм бодист донтдог

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэрэгт холбогдсон хүмүүсийн хамгийн бага нь 13 настай хүүхэд байна.  Сэтгэлзүйн хэрэгцээ нь хангагдаагүй хүүхдүүд аливаа зүйлд донтох эрсдэл өндөр байдаг учир эцэг эхчүүд сэтгэцийн эрүүл мэнд болон мансууруулах бодисын талаар мэдлэгээ дээшлүүлж, хүүхдээ энэ төрлийн хэрэгт холбогдохоо сэргийлэх хэрэгтэй байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 556 хэрэгт 1063 хүн холбогдож, шалгагдсан. Эдгээрийн 80 гаруй хувь нь нийслэл хотод, үлдсэн хувь нь хөдөө орон нутагт үйлдэгдсэн. Гэмт хэрэгт холбогдогч байгаа этгээдүүдийн 85 орчим хувь нь 35 хүртэлх насны залуучууд. Үүнээс 69 хүүхэд 34 нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч.  Энэ дундаа хамгийн бага нь 13 настай.  Мөн  төрийн албан хаагч 11, оюутан 135, ажилгүй иргэд 584, гадаадын иргэн 14 холбогдсон. Энэ төрлийн гэмт хэрэгт зөвхөн бололцоотой, олны танил хүн холбогдох биш нийгмийн бүх  давхарга, түвшинд нэвтрээд байна.

СЭМҮТ-ийн их эмч С.Байгальмаа “Мансууруулах бодис хэрэглэсэн иргэдээс уг бодисыг хэрэглэх болсон анхны сэдлийг тодруулж асуухад 18-21-ны залуус ихэнхдээ өөрөө сонирхож хэрэглэсэн гэж хариулсан. Бусдын ятгалгаар хэрэглэсэн гэж хариулсан оролцогчдын ихэнх хувийг мөн л 18-21 насныхан эзэлж байсан. Энэ байдал нь эдгээр насны залуус мансууруулах бодисын хор хөнөөл, ирээдүйд гарах хүндрэл, бэрхшээл, хууль эрх зүйн асуудлуудын талаарх ойлголт, мэдлэг дутмагийн улмаас сонирхож хэрэглэсэн нь ажиглагдсан.

НЦГ-н хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн мэдээгээр насанд хүрээгүй хүн оролцсон хэргийн тоог харахад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 1,3 дахин өссөн байна. 2018 оны эхний 9 сард 3 байсан бол 2019 оны эхний 9 сард 7 болсон.

ДЭМБ-аас аливаа сэтгэцийн эрүүл мэнд, зан үйлийн өөрчлөлт 14 наснаас эхэлж байна гэж үзсэн байдаг. Хүүхдийн төрсөн цагаасаа эхлээд насны үечлэлүүдээ нь хэр их амжилттай даван туулсан, сэтгэлзүйн хэрэгцээгээ бүрэн хангаж чадсан эсэхээс  хамаарч, өсвөр насандаа сэтгэл гутралд автах улмаар сэтгэцэд нөлөөлөх бодист донтох эсэх нь хамаардаг байна.

СЭМҮТ-ийн хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгор “Хүүхэд саваагүйтэж юм хэрэглэх байдал ховор. Хэрэглэсэн ч гэсэн тухайн зүйлд донтохгүйгээр хаяад явдаг. Учир нь тухайн зүйлийг байнга хэрэглэх сэтгэл зүйн дутуу хэрэгцээ уг хүүхдэд байхгүй л бол донтдоггүй. Хамгийн гол нь хэрэгцээ байгаа учраас түүнийгээ орлуулах гэж энэ төрлийн бодисыг хэрэглээд байгаа юм болов уу гэдэг дүр зураг их харагдаж байгаа

Сэтгэл зүйн гол шалтгаанаа хэр илааршуулж чадаж байна гэдгээс хамаардаг. Дээр хэлсэнчлэн тухайн хүний цаана байгаа гэр бүл болон хувь хүний  өөртэйгөө зөрчилдөж байгаа асуудал байгаа эсэхийг олж тогтоосны үндсэн дээр бид шалтгаантай нь ажиллах юм бол дагалдаж гарч ирээд байгаа хорт зуршлыг дарах боломжтой болж эхэлдэг. Тиймээс хамгийн гол тусламж үйлчилгээ бол танин мэдэхгүй, зан үйлийн тусламж үйлчилгээ байдаг. Жишээ нь манайд хэвтэн эмчлүүлж байсан хүүхэд энэ бодис, өвсийг хэрэглэх нь зарим оронд зөвшөөрдөг шүү дээ манайд яагаад болдоггүй юм бэ гэж өөрийгөө өмөөрөх байдалтай байгаа нь тухайн хүүхэд өөрийгөө донтсон хараат байдалд орсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байгаа гэдгийг харуулж байгаа юм. Хүүхэдтэй маш сайн ярилцаж сэтгэл заслын эмчилгээг хийн энэ маш буруу бодлыг нь өөрчилсний дараа энэ байдлаасаа гарах боломжтой болдог”

Хүүхэд өсвөр үеийн зан үйл эмгэгтэй холбоотойгоор амбулаториор үзүүлсэн тоо 2016-2018 оны хооронд 1871-3011 болж нэмэгдсэн. Түүнчлэн хэвтэн эмчлүүлж байгаа хүүдийн тоо 2016 онд 426 байсан бол 2018 онд 474 буюу буурахгүй байна.

Сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэг, цахим донтолт, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис, дэгдэмхий уусгагч бодистой холбоотойгоор хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн тоо буурахгүй байна.  Мэдэхгүйгээс болоод хүүхдүүд сэтгэцэд нөлөөлөх бодис, янз бүрийн дэгдэмхий бодис хэрэглэх, донтдог, харин эцэг эхийн хувьд энэ талаар мэдээлэл байхгүй учраас хүүхдээ сэргийлж чадахгүй, эргээд нөхцөл байдал хүндрэхэд тусалж чадахгүй байна. Энэ бүх асуудлаас сэргийлэх үр дүнтэй арга нь сэтгэцийн эрүүл мэндийн талаарх боловсролыг эцэг эхчүүд өөрсдөө мэддэг байх, хүүхдүүдэд багаас нь олгох зайлшгүй шаардлагатай байна.