Японы мэргэжлийн сүмогийн кюүшюү башёгийн тав дахь өдрийн барилдаан сонирхолтой болж өндөрлөлөө. Энэ өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн хоёр дахь бөх Мёогирюүг өвдөг шороодуулж дөрвөн даваа, нэг унаатайгаар тэмцээнийг хошуучлагчдын эгнээнд бичигдэж байна. Их аваргатай адил дөрвөн даваа, нэг унаатай яваа дөрвөн бөх байгаа бөгөөд нэг ч унаагүйгээр башёг хошуучилж явсан маэгаширагийн 16 дахь бөх Вакатакакагэ өнөөдөр бэртлийн улмаас тэмцээнийг орхижээ. Энэ сарын башёг олон бөх бэртлийн улмаас орхиж буй нь анхаарал татаж байна. Тухайлбал, өнөөдөр Вакатакакагээс гадна сэкивакэ Точиношин бэртлийн улмаас цааш барилдах боломжгүй болсон байна. Кюүшюү башёгийн гурав дахь өдөр маэгашира Томоказе, хоёрдахь өдөр озэки Гойэдо, маэгашира Ичияамамото, эхний өдөр их аварга Какүрюү М.Ананд, маэгашира Ичиножо А.Ичинноров нар гэмтэл бэртлийн улмаас башёг орхиод байгаа юм. Ийнхүү башё эхлээд тав хоноход нийт долоон сүмоч бэртлийн улмаар тэмцээнийг орхиод байна.
Өнөөдөр монгол сүмочдоос Тамаваши Б.Мөнх-Оргил гурав дахь даваагаа авсан бол Дайшохо Ч.Шижирбаяр гурав дахь ялагдлаа хүлээсэн аж. Жюүрёо зиндааг тэргүүлж буй монгол сүмоч Азүмарү С.Тодбилэг өнөөдөр учраадаа өвдөг шороодсоноор дөрвөн даваа, нэг унаатай болжээ. Жюүрёод барилдаж буй монгол сүмочдоос Хоошорюү С.Бямбасүрэн дөрөв дэх даваагаа авсан байна.