Энэхүү зураг дээрх Рахад охин Иордан дахь дүрвэгсдийн хуаранд амьдардаг. Тэрээр нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр шаналж байгаа ажээ. Диабет буюу чихрийн шижин өвчин дэлхий хүн амд эрчимтэй тархаж, улам залуужиж байгаа нь Рахад шиг өсвөр насны олон охид, хөвгүүдийн ирээдүйд хар сүүдэр тусгаж байна. Дэлхийн хэмжээнд 2014 оны статистикаар 422 сая насанд хүрсэн хүн чихрийн шижин өвчнөөр шаналж байгаа гэсэн тайлан мэдээлэл гарч байжээ.
Чихрийн шижин нь архаг бодисын солилцооны өвчин бөгөөд цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр зүрх, судас, нүд, бөөр, мэдрэл зэрэгт ноцтой хохирол учруулдаг байна. Чихрийн шижин өвчин архагшиж хүндэрснээр нүд сохрох, бөөрний дутагдалд орох, зүрхний шигдээс, цус харвалт, доод мөчдийн ампутацийн гол шалтгаан болдог байна. Эрүүл хооллолт, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг чухалчилж, архи, тамхи хэрэглэхээс зайлсхийх нь чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга юм.
1980 онд чихрийн шижинтэй хүн 108 сая байсан бол түүнээс хойш уг өвчний тархалт бараг хоёр дахин нэмэгдэж, насанд хүрсэн хүн амын 4.7 хувиас 8.5 хувь болж өсчээ. Энэ нь нэг талаар илүүдэл жинтэй эсвэл хэт таргалалттай холбоотой эрсдэлт хүчин зүйлүүдийн өсөлтийг харуулж байна гэж эрүүл мэндийн салбарынхан үзэж буй юм. Сүүлийн арван жилийн хугацаанд чихрийн шижингийн тархалт өндөр орлоготой орнуудтай харьцуулахад бага, дунд орлоготой орнуудад илүү хурдан өсчээ.
Тиймээс 2007 онд НҮБ-ын Ерөнхий ассемблей тогтоол гаргаж жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж байхаар болжээ. Энэхүү баримт бичигт "Хүний эрүүл мэндийг сайжруулах, эмчилгээ, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон талт хүчин чармайлт гаргах зайлшгүй шаардлагатай" гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Өнөөдөр тохиож буй Дэлхийн чихрийн шижингийн өдрийг "Чихрийн шижингээс гэр бүлээ хамгаалъя" уриан дор тэмдэглэж буй аж. Энэ өдрийн хүрээнд чихрийн шижин нь гэр бүлд хэрхэн нөлөөлж буй талаархи хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлж, чихрийн шижин өвчнийг удирдах, арчлах, урьдчилан сэргийлэх боловсрол олгоход гэр бүлийн үүргийг сурталчлан таниулах олон ажлуудыг зохиохыг улс орнуудад уриалж буй юм байна. Мөн НҮБ гишүүн орнууддаа чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх үндэсний бодлогыг эрүүл мэндийн тогтолцоогоо тогтвортой хөгжүүлэхтэй уялдуулан боловсруулахыг уриалжээ.
Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлсэн үгэндээ "Дэлхийн өнцөг булан бүрт чихрийн шижин өвчнөөр шаналж буй бүх хүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, НҮБ тэдний хэрэгцээ, сайн сайхан байдлын төлөө тууштай тэмцэхийг амлаж байна" гэжээ.