Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч байгаагаас 1.2 сая нь ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд оролцож, 500 гаруй мянган машин замын хөтөлгөөнд оролцдог. Нөгөөтэйгүүр авто замын түгжрэлд сурагчдыг зөөх авто машинууд нэлээд ачаалал өгдөг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус”-ыг туршилтаар явуулж эхлэхээр болсон. Эхний ээлжинд Ерөнхий боловсролын 27 сургуулийн 3000 гаруй 2-5 дугаар ангийн сурагчдыг хоёр ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар зөөхөөр болсон. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс автобусанд нийгмийн ажилтан харгалзаж явах юм. Энэ ажил нь дан ганц түгжрэлийг бууруулаад зогсохгүй эцэг эхчүүдэд ажлаа амжуулах, цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.
Туршилтын хүрээнд гарах бүх зардлыг нийслэлийн санхүүжилтээр хийх юм байна. Цаашид энэ ажил үр дүнгээ өгсөн тохиолдолд зардлыг жил бүрийн нийслэлийн төсөвт суулгахаар төлөвлөжээ. Нийт 40 автобусны шатахууны зардал, жолоочийн цалин, НДШ зэрэг. ажлын 22 хоногт 30 орчим сая төгрөгийн үйл ажиллагааны зардал гарах тооцоо байгааг албаныхан хэллээ.
Сургуулийн автобуснууд дээр чиглэлийн маршрут болон “хүүхдийн автобус” гэсэн тусгай тэмдэглэгээг хийсэн. Мөн эцэг, эхэд нь маршрутын мэдээлэл гар утсанд нь очино. Бүх сургуулийн автобусанд байршил тогтоох чип суулгасан учраас эцэг эхчүүд хүүхдээ хаана явж байгааг хянах боломжтой гэв. Энэ талын холбогдох мэдээллийг сургуулийн захиргаа, нийгмийн ажилтан тогтмол эцэг эхчүүдэд өгөх юм байна.