Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” Төрийн ордонд боллоо. Чуулганыг Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах, дижитал шилжилтийн үетэй хөл нийлэн алхах боломж, бололцоог эрэлхийлж, залуу инженерүүдийн санал, санаачилгыг сонсох зорилгоор НАМЗХ зохион байгуулж байна.

Чуулганд БХБЯ салбарын өнөөгийн тоо үзүүлэлтийн талаар мэдээлэл хүргэж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр, түрээсийн орон сууц , залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөр гээд томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа. Түүнчлэн дижитал эрин дахь хот байгуулалт сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ыг угтаж “Барилгын салбарын хөгжилд-Залуу инженерүүдийн оролцоо” салбар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгээс гарсан саналыг тусгаж, Засгийн газрын түвшинд хүргэж ажиллах юм байна. Тэгвэл монгол улсын эдийн засгийн дийлэнх хувийг нуруундаа үүрч яваа уул уурхайн салбарт ирээдүйн боловсон хүчний бодлого тодорхойлох шаардлагтайг салбарын төлөөлөл онцоллоо.