Нийслэл Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол энэ оны тавдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалын дагуу өдөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа юм. Мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг хууль хяналтын байгууллагууд хамтран нийслэлийн гэр хороололд түүхий нүүрс хэрэглэж байгаа зөрчлийг илрүүлэн холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байгаа ажээ. Сүүлийн хоёр хоногт илэрсэн зөрчлүүдээс тоймолж байна.

-Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтод оршин суугч М нь түүхий нүүрс түлсэн тухай Дүүргийн шуурхай штабын мэдээллийн дагуу хяналт шалгалт хийхэд түүхий нүүрс хэрэглэж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтын дагуу шийтгэвэрийн арга хэмжээ авчээ.

-Сүхбаатар дүүргийн 14-р хороонд оршин суух иргэн Ц нь гэртээ түүхий нүүрс хэрэглэж байсан зөрчил илэрчээ. Уг зөрчилд Зөрчлийн  тухай хуулийн хүрээнд шийтгэлийн арга хэмжээ авч ажиллажээ.

-Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Алтайн 2-25 тоотод оршин суух иргэн Л-ийн гэрт хяналт шалгалт хийхэд түүхий нүүрс түлж, нөөцөлсөн байсныг лацдаж Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтын дагуу шийтгэвэрийн арга хэмжээ авч хялбаршуулан шийдвэрлэжээ.