2020 оны төсвөө баталлаа

УИХ-ын нэгдсэн чуулганаар 2020 оны төсвийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 75.4 хувийн саналаар  баталлаа. 2020 оны төсвийн орлогыг энэ жилийнхээс 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 11.7 их наяд төгрөг байхаар батлав. Зардлаа энэ оныхоос 2.3 их наяд төгрөгөөр нэмж, төсвийн нийт зарлага 13.8 их наяд төгрөг байх юм. Ингэснээр нэгдсэн төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байна.

2020 онд Төсвийн тогтворжуулалтын санд 125.2 тэрбум төгрөгийг, Ирээдүйн өв санд 976.9 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэхээр тооцжээ. 2020 оны төсвийн жилд бүх төрлийн тэтгэврийг инфляцын төвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд 168.1 тэрбум төгрөгийг, төрийн албан хаагчдын цалин хөлсийг 8 хувиар нэмэгдүүлэхэд 159.8 тэрбум төгрөг зарцуулах баталлаа. Энэ бодлогын хүрээнд бүх төрлийн тэтгэвэр авагч, төрийн албан хаагч иргэдийн бодит орлого нэмэгдэнэ хэмээн үзжээ. Түүнчлэн Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор төсөлд тооцсоныг УИХ дэмжлээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын төсвийн орлого 2021 онд 12.8 их наяд, 2022 онд 13.7 их наяд байхаар тусгажээ. Түүнчлэн зарлагыг 2020 онд 13.8 их наяд, 2021 онд 14 их наяд, 2022 онд 14.5 их наяд байхаар тооцсон байна. Харин Засгийн газрын өр 2020 онд 22 их наяд 8 тэрбум, 2021 онд 22.9 их наяд, 2022 онд 23.8 их наяд байхаар тусгасан юм.

2020 оны төсөвт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 1.3 их наяд төгрөгийн орлого олохоор төсөвлөсөн. Харин Үндсэн хуулийн цэцээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулж авч байна гэдэг үндэслэлээр тус хуулийн заалтыг хүчингүй болгосон байгаа билээ. Уг шийдвэрээс үүдэн 2020 оны төсөвт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс олох орлого тасалдах эрсдэл учирч байгааг Сангийн сайд мэдэгдсэн.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)