“Эрүүл шүд эрүүл хүүхэд” хөтөлбөрийн 2019 оны санхүүжилт дуусжээ

2-6 насны 90 мянга гаруй хүүхэд шүдний эмчилгээнд хамрагджээ

“Эрүүл хүүхэд эрүүл шүд” хөтөлбөр өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Одоогоор санхүүжилт нь дууссан учир эцэг эхчүүд хөтөлбөрийн хүрээнд хүүхдээ үнэ төлбөргүй үзүүлэх боломжгүй байна. Уг хөтөлбөр нийт 90 мянга гаруй хүүхэд хамрагдсан.  Энэ жилийн хувьд 4.6 тэрбум төгрөг зарцуулсан ч ирэх жил энэ хэмжээний мөнгө зарцуулах аж.

ЭМЯ-ны тушаалаар энэ онд 2-6 насныхны амны хөндийг эрүүлжүүлэх хэрвээ зайлшгүй тохиолдолд 12 хүртэлх насны хүүхэд эмчлүүлэхээр ирвэл 60 мянган төгрөгт 2-3 шүдийг нь эмчилж болох талаар заасан.

Улсын хэмжээнд 2-12 насны 725 мянган хүүхэд бий. Урьдчилсан судалгаагаар тэдний 90 гаруй хувийг хамраад байгаа амны хөндийн өвчлөлийг бууруулах, амны хөндийн эрүүл ахуйгаа сахих дадал хэвшилд сургахад үндэсний хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа.

Гэрээ байгуулсан шүдний эмнэлгүүд “Эрүүл шүд эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 2-16 насны хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэхэд шаардлагатай бүхий л эмчилгээг улсаас олгож байгаа 60 мянган төгрөгт багтаан хийж байгаа. Тиймээс эцэг эхчүүдээс эмчилгээний зөрүү төлбөр гаргахгүй байгаа аж.

Тус хөтөлбөр эхлэхээс өмнө шүдний эмнэлгүүд эрүүл ахуй, ариун цэвэртэй холбоотой асуудал байсан. Учир нь өмнө нь хэд хэдэн судалгаагаар шүдний эмнэлгээс элэгний вирусийн халдвар авдаг гэсэн тоо гарсан байдаг. Энэ жилийн хувьд мэргэжлийн хяналтын байгууллагаас шүдний эмнэлгүүдэд зөвлөмж хүргүүлсэн, нарийн шалгалт хийгээгүй юм байна.

НЭМГ-ын амны хөндийн эрүүл мэндийн хариуцсан мэргэжилтэн Т.Жаргал “Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн эмнэлгүүдэд санал тавьсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтэй эмнэлгүүд оролцож болно гээд материалыг нь хүлээн авч, сонгон шалгаруулалт явуулсан. Халдвар, хамгаалал нэн тэргүүний асуудал учраас үүнд үнэлгээ хийн нийслэлийн хэмжээнд 90 гаруй эмнэлэг шалгарсан. Өнөөдрийн байдлаар 84 эмнэлэг албан ёсоор гэрээ байгуулан үйлчилгээ үзүүлж байна. Ирэх онд эдгээр эмнэлгүүд үзлэг хийх байх. Магадгүй дунд нь зарим нь гэрээгээ цуцлан мөн шинээр нэмэгдэх байх.

Мөн эцэг эхүүд хүүхдийн шүдний эмчилгээ 60 мянган төгрөгөөс хэтэрвэл яах гэж их асууж байгаа. Үүнд тухайн эмнэлгүүд гэрээ хийсэн учраас хүүхдүүдийн шүдийг бүрэн эрүүлжүүлээд гаргана” гэв.

Хөтөлбөрийн хүрээнд 60 мянган төгрөгт цоорлын, сувгийн, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авах, шүдний ховил битүүлэх эмчилгээ хийж байгаа. Цоорлын эмчилгээг хамгийн их буюу 125 мянга гаруй удаа хийсэн байна. Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар 1100 гаруй хүүхдийн 87 хувь нь шүдний өвчлөлтэй гэсэн дүн гарчээ.

Энэ мэтчилэн шүдний өвчлөлийн тоо их, түүнийгээ эмчлүүлэхгүй удаан явснаар шүдний гажигтай болдог учир эцэг эхчүүд онцгойлон анхаарах асуудлуудын нэг болоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)