-Амар амгалангийн оронд айдас хүйдэс ноёлох болжээ-

Аравдугаар сарын нэгэн шөнө Шведийн нийслэл Стокгольмд гурван удаа дэлбэрэлт болжээ. Үүнээс болж хотын иргэдийн амгалан тайван байдал алдагдаж, айдас хүйдэстэй байх болсон талаар ВВС агентлаг мэдээллээ. Манай улсын олон иргэн тус улсад оршин суудаг тул уг мэдээллийг онцоллоо.

Он гарсаар Шведийн цагдаагийн саперууд 97 удаа дуудлагаар ажиллажээ. Швед бол Европын хамгийн тайван улсын нэг. 2017 он хүртэл тус улсад дэлбэрэлт болох, тэсрэх бөмбөгтэй холбоотой дуудлага цагдаагийн албанд бараг л ирдэггүй байсан гэнэ. Гэтэл гэнэт л ийм төрлийн гэмт хэрэг огцом өсч 2018 онд 162 удаагийн дэлбэрэлт болжээ. 2019 он гарсаар 97 удаа дэлбэрэлт болсны 30 нь сүүлийн хоёр сард болсон байна.

Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэгчид салют, гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг, гар гранат зэргийг ашигладаг байна. Гарсан тохиолдлуудаас харахад, гэмт этгээдүүд өрсөлдөгч бүлэглэлээ сүрдүүлэх, ар гэрийнхэн, ойр дотныхныгоо айлгах зорилготой байдаг гэж Стокгольмын Цагдаагийн газрын дарга ярьжээ. Тэрээр чиг үүргийнхээ дагуу “Хэдий дэлбэрэлттэй холбоотой дуудлага, гэмт хэрэг нэмэгдэж байгаа ч энэ нь оршин суугчдын сэтгэлийг түгшээхээр ноцтой хэмжээнд хүрээгүй” гэсэн ч үнэн хэрэгтээ байдал түгшүүртэй байгааг үйл ажиллагаа нь харуулж байгаа юм. Шведийн цагдаагийн газар АНУ, Нидерланд, Германы зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран ажиллаж, туршлага судалж байна. Мөн Африкийн улсууд, Афганистанд тэсрэх бөмбөгийн чиглэлээр ажиллаж байсан мэргэжилтнүүдийг тусгайлан урьж, сургалт авах болжээ. “Шведийн хувьд энэ бол цоо шинэ зүйл. Тиймээс бид дэлхий даяар шилдэг мэргэжилтнүүдийг олж, хамтран ажиллахыг хичээж байна” гэж Гүйцэтгэх ажиллагааны үндэсний хэлтcийн дарга Матс Ловнинг ярьж байна.

Кримналистикийн шинжээч Амир Ростами энэ төрлийн гэмт хэргийн газар дээр очиж ажилладаг хүн. Тэрээр Шведэд одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг бүлэглэлүүд нь төрдөө хүчрэгдэхээ байсан Мексиктэй л жишиж болох юм гэсэн нь анхаарал татаж байгаа юм. Швед дэх бүлэглэлүүдийн үйл амьдралд үндэс, шашны ялгаатай байдал ихээхэн жин дардаг болохыг тэрээр батлан ярьж буй. Болж байгаа явдалд дүрвэгч цагаачдыг буруутгах нь иргэдийн дунд түгээмэл. Гэвч энэ амархан арга бөгөөд асуудлын учиг илүү өргөн хүрээтэй, гүн гүнзгий гэж үздэгээ тэрээр илэрхийлжээ.