Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болгон төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн IV болон VIII хорооны нутагт бий болох хотын шинэ төвд Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нэг дор шилжүүлэн байршуулах судалгаа, төлөвлөлт хийж, барилгажилтын төслийн санал боловсруулахыг УИХ-аас хотын захирагчид даалгасан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн IV хорооны нутагт 58.2 мянган ам метр гурван блок цогцолбор барьж буй юм. Тус барилга, байгууламжийг гэрээний хугацаанд ашиглалтад оруулах, барилга угсралтын явцад өдөр тутмын хяналт тавих шаардлагатай тул “Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг Тэргүүлэгчдийн тогтоолоор үүсгэн байгуулжээ. Тус газрын 2019 оны үйл ажиллагааны зардлыг нийслэлийн ИТХ-ын 2019 оны “Нийслэлийн 2019 оны төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор баталсан зардлаас, санхүүжүүлэх юм байна.
