Хамгийн сүүлийн жишээ
Улстөрчийн ганц үгийн төлөөсийг улсаараа төлдөг.
Улстөрчдийн хариуцлагагүй мэдэгдэл, поп үзэгдэл, албан тушаалаа урвуулан ашигласны төлөөсөнд нэгэн цагт бид өрөвдөн шоолж явсан Зимбабве улстай зэрэгцэн “Саарал жагсаалт”-д орчихоод байна. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын гишүүдийн талаас илүү нь ЖДҮ эрхлэгчдэд очих ёстой зээлээс өөрсдөө авчихсан гишүүдийг шалгаж эхэлсэн ч шүүхэд ч очилгүй хэрэгсэхгүй болсныг ФАФТ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагынхан харж буй.


Дэлхий нийтийн биднийг харж байгаа энэ хандлага ерөнхийдөө сүүлийн жилүүдэд улстөрчдийн хэрэгжүүлсэн бодлого, хэлсэн үгийн үр дүн. Хэрвээ тийм биш бол яагаад 2017 онд биш, 2019 оны эцсээр “Саарал жагсаалт” руу эргэж гулссан байж таарах вэ? “Эндээсээ цаашаа хаа хүртэл унах нь вэ” гээд хараад л байсан хэрэг.
Хамгийн гунигт түүх гэдэг шиг улстөрчдийн улсаа хорлосон хамгийн ойрын жишээ энэ. Үүнээс ч өмнө улстөрчдийн сүржин мэдэгдлийн улмаас ам.долларын ханш өсөж, Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч байсан нь саяхан.
Өмнөх жишээ
Угаас улстөрчдийн мэдэгдэл улсын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн базаахгүй жишээ захаас аваад бий. Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулсныхаа дараа 2010 онд Засгийн газрын тэргүүний албаа хүлээлгэн өгөхөө парламентад мэдэгдсэний дараа олон улсын хөрөнгийн биржид Оюутолгойн хувьцаа унаж байсан нь үүний нэг жишээ. Тэгвэл хариуцлагагүй мэдэгдлийн төлөөс үүнээс хэд дахин өндөр үнэтэй.
2016 оны сонгуулийн дараа эрх баригчид Монгол Улс эдийн засаг, санхүүгийн гүн гүнзгий хямралд орсныг мэдэгдэж байлаа. Харамсалтай нь эл мэдэгдлийн дараа Засгийн газрын бондуудын үнэ огцом доошилсон байдаг.
Өөр нэг жишээ. Манай улс 2016 онд олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын бонд гаргахаар бэлтгэл ажил хангагдаад байв. Гэтэл яг үүнтэй зэрэгцэн хэдэн популист улстөрчид Засгийн газрыг огцруулна хэмээн баахан бужигнах нь тэр. Үр дүнд нь манай улсын зээлжих зэрэглэл буурч, бондын хүү өссөн харамсалтай тохиолдол бий. Үүнээс болж Монгол Улс жилд 50 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн болохыг эдийн засагчид тооцоолж байв.
Монголбанкны ерөнхийлөгч УИХ-ын чуулганд мэдээлэл хийхдээ Төв банк гадаад валютын нөөцгүй болсныг зарлаж, олныг цочирдуулж байсан нь мөн л хариуцлагагүй мэдэгдлийн нэгэн жишээ. Энэ мэдэгдлийн дараа ам.долларын ханш гэрлийн хурдаар өсөж, хэдхэн хоногт 500 төгрөгөөр нэмэгдэж байв. Мэдээж эрхэм ерөнхийлөгч энэхүү мэдэгдэлдээ ямар ч хариуцлага хүлээгээгүй. Гэтэл ам.долларын өсөлт жирийн иргэдээс авахуулаад улс орны бүх л салбарт ямар сөрөг нөлөө үзүүлснийг хүн бүр мэднэ. Тухайн үед цойлсон “ногоон”-ы ханш одоо ч буураагүйгээр үл барам улам дээшилсээр байгаа нь харамсалтай.
“Чингис” бондыг олон улсын зах зээлд гаргасны дараа Төрийн тэргүүн “Чингис бонд”-ын цаг тоолол өнөөдрөөс эхэлж цаг минут тутамд хүү бодогдож эхэллээ. Иймээс Монгол Улс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлээд жирийн иргэдээ хүртэл хариуцлагатай улс болох ёстой. Гадаад зах зээлд бондын талаар буруу мэдээлэл өгсөн тохиолдол бүр хариуцлага дагуулна. Нэг хариуцлагагүй мэдэгдэл ардаа 10 сая ам.долларын өр болж Монгол Улс дээр бууна гэдгийг анхааруулж байсан юм.
Манайд үе үе гэнэтийн мэдэгдэл хийж попордог улстөрч олон бий. Тэд хариуцлагагүй мэдэгдэл ямар уршиг дагуулахыг тооцоолох ямар ч чадваргүй хүмүүс гэдгийг хэн хүнгүй мэднэ. Олны анхаарлыг татсан сэдвээр сүржин мэдэгдэл хийж, олон нийтэд таалагдах нь л тэдэнд юу юунаас чухал. Харамсалтай нь үүний төлөөсийг тэдний хамгийн их ярьдаг ард түмэн амссаар ирсэн нь гашуун үнэн.
Эцэст нь нэг гуйлт
Нэг хүний рейтингээ өсгөх гэсэн сенсаац нийт монголчуудын амьдралд нөлөөлсөн жишээ тоочоод байвал цөөнгүй бий. Учир нь бид эсгий гэртээ галаа түлээд суудаг ард түмэн байхаа аль хэдийнэ больж, дэлхийн зах зээлээс мөнгө босгодог улс болоод удаж байна. Энд хийсэн нэг хариуцлагагүй мэдэгдэл тэнд, Лондонд, Хонконгийн бирж дээрх Монголтой холбогдсон компанийн хувьцааны ханшийг хөдөлгөж байдаг. Харамсалтай нь улстөрчид хариуцлагагүй мэдэгдэл хийгээд зогсохгүй мэдэн будилж байгаад л хууль баталж орхидог. Үүний нэг жишээг нийтлэлч Баабар нэгэнтээ ийн өгүүлж байлаа.

Алт ярьж байснаа халиад нийтэд нь хориг тавин улсаа хорлодог энэ дадал шинэ юм биш. 2012 оны 5-р сард буюу сонгуулийн өмнөхөн Занданшатар, Бямбацогт нар гадаадын хөрөнгө оруулагчдад хориг тавих хорон бодол санаачлаад түүнээ хууль болгосон. Эхлээд хойч үедээ хадгалан үлдээх зорилгоор байгалийн ашигт малтмалд империалистуудыг хялайлгахгүй гэж хөөрөлдөж байснаа халамцсан уу, шартсан уу яасан, улам цаашлан халиад барилга, банк, боловсрол гэх мэт нэлээд салбарт гадныхныг ойртуулахгүй хориглосон хууль батлуулсан. Үр дүнд нь гадны хөрөнгө оруулагчид дайжжээ.
Улсаа хорлосон улстөрчдийн хэн нь ямар мэдэгдэл хийж, гай тарих бол гэж бодохоос сүүлдээ ард түмнийх нь яс хавталздаг болж. Ямар сайндаа л “Улстөрчдөөсөө гуйя, юу ч битгий хэл, юу ч битгий санаачил” гэсэн яриа гарах вэ дээ.