“Мөнгөн гүүр” эмнэлгийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эмч, клиникийн профессор, анагаах ухааны магистр Г.Байгальмаатай эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй өвчлөл, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгаа танилцуулна уу?
Манай эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг нь 2014 онд байгуулагдсан. Улсын хэмжээнд анх удаа хувийн хэвшлийн эмнэлэгт Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг байгуулан эмэгтэйчүүдийн бүх төрлийн мэс заслыг хийж байгаа. Үүнд хортой, хоргүй хавдрын мэс заслууд тэдгээрийн илрүүлэг, оношилгоо, урьдчилан сэргийлэх зөвлөгөө болон үргүйдлийн эмчилгээ гээд эмэгтэйчүүдийн бүхий л асуудлуудыг бид цогцоор нь авч үздэгээрээ онцлог.
Та энэ чиглэлээр олон жил ажилласан туршлагатай мэс засалч эмч. Яагаад “Мөнгөн гүүр” эмнэлгийг сонгон ажиллах болов?
“Мөнгөн гүүр” эмнэлгийн онцлог, давуу тал нь оношилгооны бүрэн лаборатори, хамгийн орчин үеийн CT, MRI, эхоны аппараттай мөн хамгийн орчин үеийн Hepa-filter бүхий иж бүрэнтоноглогдсон хагалгааны өрөөнүүдтэй. Тиймээс үйлчлүүлэгчдэд чирэгдэл бага, оношилгоо эмчилгээ хийхэд эмчид хамгийн дөхөм эмнэлэг гэж боддог. Эмч нар нь их шинэлэг хийж бүтээх, сурах, суралцах эрмэлзэлтэй хамт олон. Залуу эмч нараас ч сурах зүйлс их байдаг.
Үргүйдэл сүүлийн үед ихсэж байгаа гэсэн статистик тоо баримтууд байдаг. Энэ юутай холбоотой бол?
Өмнө нь би үргүйдэл дээр ажиллаж байгаагүй. Хортой хавдрын чиглэлээр ХСҮТ-д 20 жил ажилласан. Эмэгтэйчүүдийн цогц үйлчилгээ хийн ажиллахад үргүйдэл болон бэлгийн замын халдвар маш их байна. Бэлгийн замын халдварт өвчнийг дагаад бүх төрлийн үргүйдэл үүсэж байна. Ажиглаад харж байхад гэр бүлийн тогтворгүй байдал буюу ажил мэргэжлээсээ болоод удаан хугацаагаар гэр бүлээсээ хол байгаа хосуудад үргүйдэл ихэссэн. Олон хоногоор тусдаа байдаг гэр бүлүүдэдүрэвслийн гаралтай үргүйдэл их байгаа нь ажиглагдсан.
“Мөнгөн гүүр” эмнэлэгт хавдрын илрүүлэг хэр хийгддэг вэ?
Хүмүүс заавал өвдөж байж эмчид хандах ёсгүй. Бидэнд зовуурьгүй хүн ч хандаж болно. Үүнийг эрт илрүүлэг гэдэг. Ялангуяа эмэгтэйчүүд би цэвэршчихлээ, одоо төрөх биш, өвдөхгүй гэдэг. Бүх л насны эмэгтэйчүүд, хүүхдүүд манайд ханддаг. Бага насны охидоос 90 настай эмэгтэй хүртэл ирж үзүүлэн зөвлөгөө авдаг. Нэгэнт л эрхтэн байгаа л бол өвчлөхгүй байна гэж байхгүй.
Эмэгтэйчүүд ямар хугацаанд тогтмол эмчид хандан үзлэг, оношилгоо хийлгэх ёстой байдаг вэ? Наснаасаа хамаараад өөр, өөр товлолт хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй. Жишээ нь умайн хүзүүний хавдрын буюу эсийн шинжилгээг гурван жилд нэг удаа хийлгэх хэрэгтэй гэсэн ЭМЯ-наас гаргасан удирдамж бий. Хэрвээ эмэгтэйг эрсдэлтэй гэж үзвэл жил тутамд умайн хүзүүний эсийн шинжилгээ өгөхийг зөвлөдөг. Өндгөвч,умайн их биеийн хавдрын эхог жил бүр, эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүд 6 сар тутамд хийлгэж байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч бүрийн онцлогоос хамаарч үзлэгт хамрагдах товлол янз бүр. Бид жирэмслэхээс хамгаалах эм ууж болох эсэх, ерөндөг тавиулах бол ямар нь тухайн эмэгтэйд тохирох вэ гээд тухайн хүний онцлогоос хамааруулж зөвлөгөө өгдөг. Хүн бүр адилхан байдаггүй. Хоёр Дулмаа байсан ч тэдэнд өгөх зөвлөмж, эмчилгээ өөр, өөр байдаг. Эмэгтэйчүүдийн өвчнийг насанд хүрснээс хойш тохиолдох эмгэг гэж ойлгох гээд байдаг. Хүүхэд эмэгтэйчүүдийн хавдраар өвчлөх ёсгүй гээд л. Гэтэл саяхан бага насны охин эмэгтэйчүүдийн хавдраар өвчилсөн тохиолдол гарсан. Бүхий л насанд хавдар тохиолдоно. Учир нь эрхтэн байгаа учраас халдвар тохиолдож болзошгүй. Тиймээс ээжүүд охидтойгоо нээлттэй ярилцаж, мэдээлэл өгөх хэрэгтэй. Заримдаа сарын тэмдэг нь ирсэн гээд цочирдсон охид манайд хандаж зөвлөгөө аваад явдаг. Тэр тохиолдлуудад ээжтэй нь хамт гэр бүлийн зөвлөгөө өгдөг. Охидынхоо сарын тэмдгийг хэдэн насанд анх үзэгдсэн гэдгийг ээжүүд мэдэж байх ёстой. Сүүлийн үед анхны сарын тэмдэг эрт үзэгддэг болсон. Энэ тохиолдолд тухайн охинд өндгөвч, умайн хортой, хоргүй хавдар үүсэх эрсдэл гарна. Тиймээс охидын эмчээс зөвлөгөө авч,эход харуулах хэрэгтэй.
Умайн хүзүүний хавдраас сэргийлэхийн тулд эмэгтэйчүүд ямар мэдлэгтэй байх ёстой вэ?
Хавдар эрт оношлогддог. Ганцхан эмэгтэйчүүдийн гэлтгүй бүх төрлийн хавдар эрт оношлогдох бололцоотой. Хэдий чинээ эрт оношлогдоно, эдгэрэх магадлал төдий чинээ өндөр болно. Хавдар бүр үүсэх өөрийн эмгэг жамтай. Жишээ нь умайн хүзүүний хавдар гэхэд хүний хөхөнцөр вирусээр үүсдэг. Энэ нь бэлгийн замын халдвартай шууд холбоотой. Бид бэлгийн замын халдварт өвчнийг бууруулж чадахгүй бол умайн хүзүүний хавдрыг бууруулж чадахгүй. Умайн хүзүүний хавдар ганцаараа ихсээгүй. Өөрөөр хэлбэл бэлгийн замаар халдварлаж байгаа тэр вирус дангаараа явдаггүй. Бусад бүх халдвар дунд хамтдаа халдварладаг. Хэрвээ бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж байсан гэдэг өгүүлэмжтэй байх юм бол тэр хүн умайн хүзүүний хавдраар өвдөх өндөр эрсдэлт бүлэгт хамарна. Түүнээс биш ганцхан тэмбүүг юм уу бусад халдварыг эмчлээд одоо эдгэрлээ гэсэн асуудал байхгүй.
Мэс заслын технологи асар өндөр түвшинд хүрчихлээ. Манайд тэр бүгд нэвтэрч чадаж байгаа юу?
Бид аль болох олон улсын түвшинд хөл нийлүүлэн ажиллахыг боддог. Манайх дурангийн мэс заслын цогц тоног төхөөрөмжтэй. “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвлийн дурангийн хагалгаагаар хортой, хоргүй бүх төрлийн хавдрыг эмчилж байна. Жишээ нь үргүйдлийн үед хэвлийн болон умайн хөндийн дурангийн хавсарсан мэс засал хийх тохиолдол их байгаа. Умайн хөндийн дуран болон хамгийн сүүлийн үеийн технологи болох умайн хөндийд хийх мэс заслууд нь нөхөн үржихүйн эрхтэн хадгалах сайн талтай. Ер нь дурангийн хагалгааны бүхий л аргуудыг хийж байна. Бид умайн хөндийн хоргүй хавдрыг дурангийн мэс ажилбараар авч нутагшууллаа гэж хэлж болно. Сүүлийн дөрвөн жилд энэ төрлийн дурангийн мэс ажилбарыг үйлчлүүлэгчдэдээ хийн эргэн хяналтуудаа тавьж ажилладаг. Зөвхөн энэ хагалгаанд орохын тулд иргэд саяхныг хүртэл гадагшаа явдаг байсан. Үүнийг манай эмнэлэг дээр нутагшуулан монгол эмэгтэйчүүдийнхээ нөхөн үржихүйн эртхэнийг хадгалж, цаашид тэр эмэгтэй жирэмслэх бололцоотой болж гэр бүлд нь аз жаргал бэлэглэж байгаа. Зөвхөн үргүйдлээсээ болоод шаналж байсан олон гэр бүл бий. Манайд энэ мэс заслыг хийж эхэлснээс хойш үйлчлүүлэгч байнга хандах болсон. Улсын хэмжээнд хараахан нэвтрээгүй байгаа шинэлэг аргыг эх орондоо нэвтрүүлснээр гадагшаа явах өвчтөнүүдийн тоог бууруулж, мөнгөний урсгалыг багасгах гээд олон талын ач холбогдолтой.