ЮНЕСКО-гийн итгэмжлэгдсэн төрийн бус байгууллага болох Олон улсын маскны урлаг ба соёлын байгууллага IMACO-ын олон улсын 7 дугаар ээлжит хурал Филиппин улсын Баколод хотноо болжээ. Олон улсын маскны урлаг ба соёлын байгууллага нь дэлхийн маскны соёлыг хадгалж хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор 2006 онд 24 улсын зөвшилцлийн дагуу БНСУ-ын Андонг хотноо байгуулагдсан юм байна. Тус байгууллага одоо 63 улсын 200 гаруй гишүүн байгууллагатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаас хойш маскны олон янзын соёлын талаар судалгаа хийж мэдээлэл цуглуулан олон улсын хурал, симпозиум, үзэсгэлэн зохион байгуулж ирсэн төдийгүй хоёр жил тутамд олон улсын хурлыг тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулж дэлхийн улс орнууд өөрсдийн соёлын түүхэнд маскны соёлыг хэрхэн хадгалж хамгаалж хойч үедээ уламжлуулж бас хөгжүүлж ирсэн талаарх туршлагаа хуваалцан соёлын солилцоо хийдэг ажээ.
Энэ удаагийн олон улсын ээлжит хурлыг “Маскны соёлын гадна ба дотно: маск, практик ба соёл” сэдвийн хүрээнд бодлогын форум, академик симпозиум, үзэсгэлэн, үзүүлэх тоглолт зэрэг хөтөлбөртэйгээр зохион байгуулсан байна. Нийт 17 улсын 120 гаруй төлөөлөгч оролцсоноос Монгол Улсыг төлөөлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар хүндэт зочноор оролцсон бол Бутан, Хятад, Йордан, Казакстан, Лаос, Перу, Филиппин, Турк, БНСУ, Малайз, Непал, Энэтхэг зэрэг улсын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, түүний дотор Бутан улсын Дотоод хэрэг, соёлын сайд, БНСУ-ын Андонг, Филиппины Баколод, Перу улсын Куско зэрэг хотын захирагч, Иргэдийн хурлын төлөөлөгчид, БНХАУ-ын Сичуаний дуурийн театр, БНСУ-ын Хаку маск бүжгийн хамтлаг, бөмбөрчид, Баколод хотын Маскара фестивалийн уран бүтээлчид оролцжээ. Дашрамд дурдахад Филиппиний Баколод хотыг Инээмсэглэлийн хот ба Маскара(MassKara) фестивалийн өлгий нутаг хэмээн нэрлэдэг байна. Учир нь 1980 онд нутгийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болсон элсэн чихрийн үнэ урьд хожид байгаагүйгээр огцом унаж ард иргэдийн амьдрал доройтож, мөн нутгийн иргэдийг зөөж явсан зорчигчдын усан онгоц түлшний танктай мөргөлдөж 700 гаруй иргэн, түүний дотор нөлөө бүхий гэр бүлийн гишүүд нас барсан золгүй явдал ар араасаа тохиосон хүнд хэцүү цаг үед ард иргэдийн зовлон зүдгүүрийг мартуулах, хүмүүсийн нүүрэнд инээмсэглэл авч ирэх зорилгоор Маскара фестивал зохион байгуулах шийдвэрийг орон нутгийн захиргаа, засгийн газар, ард иргэдтэй хамтран гаргаж байжээ. Түүнээс хойш жил бүрийн 10 дугаар сарын 4 дэх долоо хоногт уг фестивалийг зохион байгуулах болсон нь Бразилийн Риогийн фестивал, Венецийн фестивал шиг нөлөөтэй болж гадаад дотоодын олон жуулчдыг татан эдийн засгийг сайжруулах, нутгийн иргэдийн тогтвортой амьдралын эх үүсвэрийг хангахад хувь нэмэр оруулсаар иржээ.