Испани улсад өнгөрсөн ням гаригт Парламентын ээлжит бус сонгуулийн санал хураалт боллоо. Энэ нь тус улсад сүүлийн дөрвөн жилд болж байгаа дөрөв дэх сонгууль юм. 2015 оноос хойш Испани улс улстөрийн тогтворгүй байдалд байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард явагдсан ээлжит бус сонгуульд Социалист нам бусдаасаа илүү суудал авсан ч эвсэл байгуулж чадаагүй тул энэ удаагийн сонгуулийг явуулахаас өөр аргагүйд хүрсэн. Харамсалтай нь энэ удаад ч яг тийм байдал давтагдлаа. Социалистууд бусдаасаа илүү ч дангаараа засаглах хэмжээний суудал авч чадсангүй. Тиймээс одоо бусад намууд ялангуяа 2014 онд байгуулагдсан “Бид чадна” буюу “Подемос” нам ард түмэн сонгуулиас залхаж байгааг ойлгож, хамтран ажиллах талаар санаачилга гаргахгүй л бол асуудал дахин сонгууль явуулах тал руу эргэж тун магадгүй юм.