...Саяхан л “хаалга тогшиж байна” гэж ярьж, бичиж байсан хар тамхины аюул гэрт орж ирээд бүр хойморт гараад суучихжээ гэвэл хэн ч төсөөлөхгүй байх. Гэвч чимээгүй гэгдэх энэ тахал хэдийнэ монголчуудыг нөмрөөд авсныг олон улсын байгууллагууд ч анхааруулж эхэллээ. Өмнө нь Монгол Улсыг хар тамхи дамжин өнгөрүүлэгч улс гэсэн статуст багтаадаг байсан Хар тамхитай тэмцэх олон улсын байгууллага одоо “Хэрэглэгч улс” болсныг зарлаад байна...
Тиймээс “Үндэстний ТОЙМ” сэтгүүл нийгмийг чимээгүй мэрж байгаа хар тамхины аюулд уншигч таны анхаарлыг хандуулахыг хичээлээ.
Эдүгээгээс 78 жилийн өмнө ЗСБНХУ-ын Дээд шүүхийн хаалттай хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амар: “Би бол хэрэгтэн биш. Урьдчилсан байцаалт дээр надад тулган хүлээлгэсэн учир түүн дээр өгсөн мэдүүлгээсээ татгалзаж байна. БНМАУ хэрэв тусгаар тогтносон улс юм бол яагаад намайг Зөвлөлтийн шүүх шүүж байгаа юм бэ?... Би Монголын ард түмэндээ хайртай, би Оросын ард түмэнд элэгтэй, харин “улаантан”, тэдний засагт дургүй... хэтээсээ том улс үндэстэн бага буурай улс үндэстнийг түрэмгийлэн эзэлж, удирдагчдыг нь барьж хорьдог. Яг ийм маягаар ЗХУ Монгол Улсад хандаж байна. Түүний тод жишээ нь миний бие буюу” хэмээн өчиж байжээ.
Харин 78 жилийн дараа БНСУ-ын Инчеоны цагдаагийн газарт байцаалт өгөх үеэрээ Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр, “Би согтуу байсан. Тиймээс юу ч санахгүй байна. Хохирогч тэгж мэдүүлсэн бол би архины нөлөөнд автаж, тийм үйлдэл гаргасан байж магадгүй” гэсэн утгатай зүйл өчжээ.
Монгол Улсын нэн шинэ түүх одоо цагийн иргэдийн гараар ертөнцийн өнцөг булан бүхэнд ийнхүү бичигдсээр...Хилийн чанадад шүүгдсэн монгол төрийн зүтгэлтнүүдийн тухай нийтлэлч Я.Баяраа энэ дугаарт онцолжээ.
Түүнчлэн ардчиллын ус, агаар гэгддэг хэвлэл мэдээллийн эрх чөлөө Монголд ямар байгаа талаар дугаарын зочин “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалын яриа танд нэгийг бодогдуулах биз ээ. Мөн Йелийн их сургуулийн эрдэмтэд үхэжсэн тархийг сэргээх туршилт амжилттай хийж үхлийн тухай ойлголтод цоо шинэ нээлт хийсэн тухай болон Арабын хавар эргэн ирэх үү? гэдэг асуултад хариу болсон аналитик нийтлэл энэ дугаарт багтлаа.
