Монгол Улсын хүн амын өсөлттэй авто машины импорт “уралдаж” байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын жилд мэндэлж буй хүүхдийн тоо, импортоор авч буй автомашины тоотой дүйх нь. Эдийн засгийн нөхцөл байдал сайн байсан жилүүдэд бүр давсан үзүүлэлт ч байгаа юм
Худал санагдаж байгаа байх. Харамсалтай нь энэ үнэн. Тухайлбал, 2011 онд Монгол Улс 86284 авто машин импортоор авчээ. Үүний 57580 нь суудлын, 24853 нь ачааны, үлдсэн нь авто машинд хамаарах гэдэг ангилалд багтаж буй.
Тэгвэл тухайн онд улсын хэмжээнд 70328 эх амаржжээ. Ингэхээр импортолсон авто машин, тухайн жилд Монгол Улсад бүл нэмж буй хүүхдийн тооноос 10 гаруй мянгаар их байгаа юм. Дараа жил нь буюу 2012 онд ч гэсэн авто машины импорт, тухайн жилийн мэндэлсэн хүүхдийн тооноос 4800-гаар их байв. Магадгүй энэ жилүүдэд эдийн засгийн өсөлт хамгийн оргил үедээ байсан тул гэж зөвтгөх байх. Гэтэл энэ байдал сүүлийн есөн жилийн турш үргэлжилсэн. Эцэстээ хагас жилд импортолсон авто машины тоо, жилд мэндэлж буй хүүхдийн тооноос их болж байна.
Есөн сард 58500 хүүхэд мэндэлжээ
Улсын хэмжээнд эхний есөн сард 58.1 мянган эх амаржиж, 58.5 мянган хүүхэд мэндэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 488-аар, мэндэлсэн хүүхэд 563-аар нэмэгдсэн байна. Тэгвэл зөвхөн есдүгээр сард 6541 эх амаржиж, 6597 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 39-өөр, амьд төрсөн хүүхэд 23-аар буурчээ.
Есөн сард 76539 автомашин импортлов
Он гарснаас хойших есөн сарын хугацаанд импортоор орж ирж, бүртгэгдсэн машины тоо 76539-д хүрчээ. Ингэснээр хагас жилийн хугацаанд Монгол Улсад 76 мянган автомашин нэмэгдэж байгаа юм. Үүнээс суудлын автомашин 55503, ачааны автомашин 18279-ыг оруулж иржээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 8886, ачааны автомашины импорт 1431-ээр нэмэгдсэн байна. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол 943.6 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортолжээ.
Хүн амаасаа олон авто машинтай болох уу?
Өнөөдөр Монгол Улсын хүн ам Статистикийн үндэсний хорооны мэдээлснээр 3.238.479 байна. Монгол Улс анх 1918 онд хүн амаа тоолсон. Тэр тооллогоор 647.500 хүн амтай байв. Түүний дараагаар 1962 онд сая дахь иргэнээ хүлээж авсан. Дараа нь 26 жилийн дараа буюу 1988 онд хоёр сая дахь иргэнээ, 27 жилийн дараа буюу 2015 онд гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан. Ингэхээр 1918 онд анх хүн амаа тоолсноос хойш 110 жилийн дотор хүн ам 2.590.979-өөр нэмэгдсэн байгаа юм. Тэгвэл 1929 онд Монгол Улсад 20 авто машин байсан. Түүнээс хойш 100 жилийн дараа Монголын авто машин 1.699.980-аар нэмэгдэж, одоо улсын бүртгэлд бүртгэгдсэнээр 1.700.000 болжээ. Гэтэл өмнө дурдсанчлан хагас жилд импортолсон авто машины тоо, жилд мэндэлж буй хүүхдийн тооноос даваад байвал даруй хүн амаасаа их авто машинтай болох нь.
Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн: Сүүлийн жилүүдэд суудлын болон ачааны авто машины импорт эрс нэмэгдсэн. Суудлын авто машин нийт 30 орчим улсаас орж ирж байна. Ихэнх хувийг Японы авто машин эзэлдэг.
Маргаашийн аюул
Өнөөдөр Монгол Улсад авто машины өсөлтөөс үүдэлтэй олон асуудал тулгарч байна. Үүний эхнийх нь замын түгжрэл. Зам түгжрэлийг бууруулахын тулд жил бүр тэрбумаар нь зам, гүүр тавьдаг. Хамгийн сүүлд л гэхэд түгжрэлийг бууруулахын тулд БНХАУ-аас хөнгөлөлттэй зээл авч, 42.4 сая ам.долларын өртгөөр Замын цагдаагийн уулзварын гүүрийг барьсан. Гэтэл үүнтэй зэрэгцээд авто машины импорт нь 40 хувиар нэмэгдэхээр, байдал өөрчлөгдөөгүй. Өдөр бүр 200-500 авто машин улсын бүртгэлд шинээр бүртгүүлж, улсын дугаар авч, сая орчим машин нийслэлийн зам дээр жирийж байна. Үүнийгээ дагаад зам засварын ажил нь Замын сангийн мөнгөнийхөө хаана нь ч хүрдэггүй гэх. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Авто замын санд жилдээ 7.6 тэрбум төгрөгийн орлого ордог ч зам засвар, арчлалт, шинэ зам тавих зардалд жилд дунджаар 95.8 тэрбум төгрөгийн зардал шаардлагатай болдог” гэсэн юм. Тиймээс өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Замын сангийн орлогыг дөрвөн эх үүсвэрээс нэмж авахаар болсон. Өөрөөр хэлбэл, авто замын хураамж авах цэгийн тоог нэмэх, импортоор орж ирэх авто машины онцгой албан татварын 10.3 хувийг санд татах, дамжин өнгөрөх тээврээс хураамж авах өөрчлөлтийг нэмсэн. Гэтэл тээврийн хэрэгсэл ашиглагч хэн бүхэн жил бүр авто зам ашигласны төлбөр төлдөг. Үүнээс хэдэн тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг. Угтаа энэ л татварыг зам засвар арчлалтад зориулах ёстой ч өдөөг хүртэл зориулалтын бусаар зарцуулж ирсэн. Гэвч тухайн үеийн өөрчлөлтөөр мөн л зориулалтын мөнгийг зориулалтын санд нь зориулахгүй үлдээсэн юм.
Дараагийн асуудал нь авто машины утаа. Энэ нь нийслэлийн агаарын бохирдолд 20 хувийн “хувь нэмэр” оруулж, иргэдийг хордуулсаар байгаа. Эрдэмтдийн хийсэн судалгааны дүнгээс харахад агаар бохирдуулагч нүүрстөрөгчийн ислийн 10 орчим хувийг эр хороолол, уурын зуух, 90 гаруй хувийг автомашин гаргадаг юм байна. Түүнчлэн агаар дахь нүүрс - ус төрөгч, азотын ислийн 50 хувь нь мөн л автомашинаас үүдэлтэй. Автомашины утаагаар ялгарах хорт бодис нь хүний амьсгалах түвшинд хаягддаг учраас хамгийн хор хөнөөлтэй байдаг юм байна. Ялангуяа өвлийн улиралд хүйтний хэмээс хамаарч агаар нягтарсан байдаг учир машины утаа дээшээ хөөрч чаддаггүй, орчиндоо бөөгнөрч байдаг гэдэг.
АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн багш Г.Доржжагдаг: Нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцож байгаа олон мянган авто тээврийн хэрэгслээс ялгарч буй утаа, угаарын хий нь агаарын бохирдлын 20 хувийг эзэлдэг ч хор хөнөөлийн хэмжээгээр дээгүүрт бичигддэг. Авто машинаас ялгарсан утаа нь 200 гаруй хорт бодис агуулдаг.
Аливаа өвчний оношийг зөв олохгүйгээр эмчилгээ хийвэл үр дүнгүй. Үүнтэй ижил авто машины импортыг хянахгүйгээр түгжрэл бууруулах гэж мөнгө төсөвлөвөл оношийг нь олоогүй буруу эмчилгээ шиг л болно. Тийм ч байгааг ч дээр дурдлаа. Уг нь энэ бүх асуудлын “эмчилгээ” нь импортод хязгаар тогтоох, татварыг нь нэмэх зэрэг авто машиныг цөөрүүлэх арга зам баймаар. Тэгэхгүй бол өнөөдөр хүн амын өсөлттэй уралдаж байгаа авто машины импорт, ирээдүйд хүн амыг “залгих” аюул болсоор байна.