Аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ. Улмаар энэхүү хэргийг зохион байгуулсан хүмүүсийг үлдээж бусад иргэдийг БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн юм. БНХАУ-ын "Синьхуа" агентлаг Хятадын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны мэдээнд тулгуурлан Монголоос баривчлагдан очсон 759 сэжигтний талаар мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээнд дурдсанаар, "Монгол Улс, БНХАУ хоёр орны хил дамнасан сүлжээний гэмт хэрэгт хамтран цохилт өгөх тухай нийтлэг ойлголтын дагуу Монгол Улсын хууль сахиулах байгууллага сүлжээний залилангийн гэмт хэрэгт холбогдсон Хятадын 800 шахам сэжигтнийг баривчилж, тэдний 759 иргэнийг Хятад улсад хүлээлгэн өгсөн байна. Арваннэгдүгээр сарын 7-ны 12:00 цагт Хятадын НАХЯ-ны шийдвэрээр ӨМӨЗО, Жянсү мужийн Нийгмийг аюулаас хамгаалах байгууллага тэдгээр сэжигтнүүдийг галт тэргээр Наньжин хотод хүргүүлжээ. Энэ бол Хятадын НАХЯ болон олон улсын цагдаагийн хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллаж, сүлжээний залилангийн гэмт хэрэгт холбогдсон хамгийн олон сэжигтнийг баривчилсан хэрэг бөгөөд тэднийг баривчилснаар энэ төрлийн гэмт хэрэгт хүчтэй цохилт болсон юм" хэмээн онцолжээ.
Мөн Хятадын НАХЯ-ны албаны хүн хэлэхдээ "Хилийн чанадад гарч буй сүлжээний залилангийн гэмт хэрэгтэй холбогдуулан ойрын жилүүдэд Хятадын НАХЯ орон нутгийн НАХ байгууллага, Камбож, Филиппин, Лаос зэрэг орны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, сүлжээний залилангийн 11 удаагийн гэмт хэргийн 1336 сэжигтнийг баривчлан улсдаа авчирснаар хилийн чанадад сүлжээний залилан хийдэг гэмт хэрэгтнүүдэд хүчтэй цохилт өгсөн юм. Үүний улмаас гэмт хэрэгтнүүд орогнох цэгээ Зүүн Өмнөд Азиас өөр бүсэд шилжүүлээд байна. Энэ удаад Хятад, Монгол хоёр орон хамтран сүлжээний залилангийн гэмт хэрэгт цохилт өгснөөр гэмт хэрэгтнүүдийн хилийн чанадад орогнох орон зайг улам хумьж чадлаа" гэж ярьсныг "Синьхуа" агентлаг эш татжээ.