УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн зөвшилцлийг хэлэлцэж, дэмжсэн. Хуралдааны үеэр Элчин сайдад “нэр дэвшигчид” юу хэлсэн талаар хүргэе.
Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдохоор дэмжигдсэн Т.Жанабазар
Шведэд 6000 гаруй Монгол иргэн амьдардаг. Тэгэхээр эдгээр хүний нийгмийн хамгаалалд анхаарна. Мэдээж тэнд амьдарч буй иргэдийн хүүхдүүд байгаа. Тэднийг монгол хэл, соёлоо сурах зэрэгт нь анхаарах нь Элчин сайдын яамны асуудал тул анхаарч ажиллана. Шведтэй Монгол Улс нийгмийн хамгаалын хэлэлцээр байгуулах саналаа хүргүүлсэн. Швед бол Европын холбооноос гадна хэд хэдэн улстай энэ хэлэлцээрийг байгуулсан байдаг юм билээ. Дараагийн асуудал нь тус улстай хийх гадаад харилцаа. Манай хоёр улс 40 орчим сая ам.долларын худалдаа хийдэг. Гэвч ихэнх нь импорт байдаг. Экспортын хувьд бол оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн давамгайлдаг. Тэгэхээр энэ ажлыг үргэлжлүүлж экспортыг нэмэгдүүлнэ. Швед улс бол байгаль орчин, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч, ойжуулалтаар дэлхийд тэгүүлсэн технологитой улс. Үүний туршлагыг Монгол нэвтрүүлэхээр ажиллана.
Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдохоор дэмжигдсэн Б.Дорж
Польшт 920 гаруй монгол хүн амьдарч байгаа. Польшийн нэг онцлог бол тэнд манай уламжлалт анагаах ухааны эмч нар ажилладаг. Энэ нь манай улсын хувьд чухал ач холбогдолтой зүйл. Тийм учраас эмч нарыг урамшуулж, дэмжиж явах ёстой гэж боддог. Мөн давхар иргэншлийн хувьд судалж байгаа.
ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдохоор дэмжигдсэн Д.Даваа
ОХУ Монгол Улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг аваад үзэхээр Хятад улстай харьцуулшгүй байна. Евро Азийн эдийн засгийн холбооны гишүүн байхаас гадна чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар Гадаад яам эрчимтэй ажиллаж байгаа юм билээ. Энэ гэрээг хийвэл өндөр тариф болон тарифын бус асуудал шийдэгдэнэ гэж бодож байгаа. Эхний ээлжид төмөр зам газийн хоолойн дээр ахиц дэвшил гарах шинж байгаа учраас энэ талыг дэмжиж ажиллана.Төлөвлөсөн зүйлс бий.