Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар өнөөдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай асуудлыг хэлэлцжээ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал танилцуулсан байна.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойшхи 25 жилийн хугацаанд нийслэл хотын үйл ажиллагаа бүхий л салбарт байнга өргөжин хөгжиж ирсэн. Улаанбаатар хотын хүн амын хэт өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, замын хөдөлгөөний түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон тул төрөөс оновчтой бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг, 36 зүйлтэй бөгөөд төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтийг тусгасан. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээнд нийцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан холбогдох зарим хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. Зөвлөлийн гишүүд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хэлж, НИТХ-д танилцуулахаар болжээ.