Дэлхийн спортыг цочоох “шинэ” допингийн дуулиан

Дэлхийн Допингийн эсрэг агентлаг (WADA) багтраа өвчнийг эмчлэх эм тамирчны бие махбодид ямар нөлөө үзүүлдгийг нарийвчлан шалгуулжээ. Судалгааг ХБНГУ-ын Ульмын их сургуульд захиалж хийлгэсэн бөгөөд Кёльн, Берлинээс эрдэмтэд ирж хамтарсан юм байна. Тэд өндөр түвшний тамирчид биш ч эрчимтэй дасгал сургууль хийдэг 24 сайн дурынхныг сонгон авч, багтрааны эм хэрэглүүлэн бэлтгэл хийлгэж, гарч буй үр нөлөөг нарийвчлан судалсан аж. Эрдэмтэд судалгааны үр дүнгээ өнгөрсөн есдүгээр сарын 12-нд хэсэгчлэн ил болгосон ч эцсийн дүгнэлт 2020 оноос нааш гаргахгүй хэмээсэн нь оросуудын дургүйцлийг төрүүлээд байна.

Оросуудын ээлжит хөзөр

Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) багтрааны эмийг судална гэхэд оросууд “гурван жилийн дараа ч гэсэн судалж байгаа нь овоо доо” гэлцэж байсны учир нь, багтраа өвчин, түүнд хэрэглэдэг эм бэлдмэл нь нэг төрлийн допинг байж болох юм гэдэг санааг тэд өөрсдөө гаргасан. Багтрааны эмний асуудал нь нэг ёсондоо, оросуудын WADA-гийн өөдөөс сөргүүлэн тавьсан хөзөр юм. Энэ талаар ярихын тулд түүх сөхөх хэрэгтэй болно.

Хөнгөн атлетикийн спортын ОУХМ Юлия Степанова нөхөр Виталий Степановын хамт баримтат кино бүтээгч Хайо Зеппельтэд ярилцлага өгч, оросын тамирчид зохион байгуулалттайгаар допинг хэрэглэдэг болохыг илчилсэн юм. Тэдний яриа “Нууц допинг: Оросууд яаж ялдаг вэ” (“Секретный допинг: как Россия добивается побед”, “Geheimsache Doping - Wie Russland seine Sieger macht”) хэмээх баримтат кино болон Германы ARD телевизээр цацагдсан юм. WADA энэ баримтууд дээр нь үндэслээд орос тамирчдын 2012, 2014 оны олимпоос хүртсэн нэжгээд медалийг хүчингүй болгосон билээ. 

Улмаар Москва дахь Допингийн эсрэг төвийн дарга асан Григорий Родченков гэгч 2016 онд АНУ руу зугтан гарч, орос тамирчид зохион байгуулалттайгаар допинг хэрэглэдэг, төрөөс энэ байдлыг хөхиүлэн дэмждэг талаарх баримтуудыг WADA-д гаргаж өгч, WADA -гийн мэргэжилтэн Ричард Макларен энэ баримтууд дээр түшиглэн хоёр илтгэлийг 2016 оны зургаа, арванхоёрдугаар сард танилцуулсан нь одоо үүсээд байгаа нөхцөл байдалд хүргэсэн билээ. ОХУ-ын баг тамирчид 2018 оны Пёнчаны өвлийн олимпийг өнжиж, хөнгөн атлетикчид нь энэ жилийн ДАШТ-д улсын нэргүй оролцсон. Одоо 2020 оны Токиогийн олимпод оролцох боломжоо алдах эрсдэлтэй тулгараад байна. Гэхдээ оросууд гар хамхин зүгээр суугаагүй. “Фэнси беар” гэх нэртэй хакеруудын бүлэглэл 2016 оны наймдугаар сард WADA-гийн мэдээллийн санд нэвтэрч, өндөр хөгжилтэй улсын тамирчид л мэддэг “Өргөдөл бичээд допингийн жагсаалтад бичигдсэн эм бэлдмэл хэрэглэж болох” дүрэм үйлчилж байсныг илчилсэн билээ. Зөвшөөрөлтэй допингчидын дотор АНУ-ын алдарт Винус, Серена Уильямс, Испанийн теннисчин Рафаэль Надаль зэрэг өндөр түвшний тамирчид байсныг тэд ээлж дараалалтай илчлэн гаргаж тавьсан юм. Мөн оны арванхоёрдугаар сард буюу Р.Макларен хоёр дахь илтгэлээ тавихаас өмнө “Амжилтад дурлах өвчин” (“Болезни высщих достижении”) хэмээх баримтат кино гаргасан бөгөөд түүндээ барууны орнуудын тамирчид багтраа өвчний эмийг сэргээш болгон хэрэглэдэг байж магадгүй гэсэн санааг гаргаж, улмаар энэ асуудлаар мөрдөн шалгалт явуулахыг WADA-гаас шаардсан билээ.

Багтрааны эм үнэхээр допинг гэж үү

Багтраа өвчинд уудаг вентолин, сальбутамол зэрэг эм хориотой эмийн жагсаалтад ордоггүй. Гэсэн ч ямар нэг байдлаар допингтой ижил үйлчилгээ үзүүлдэг юм биш байгаа гэдэг асуулт тавигдаад олон жил болж байна. Оросуудын хардлага үнэхээр бодитой гэдгийг эхлээд хэлэх нь зөв байх.

Цана, мэргэжлийн дугуй, гимнастик, хөлбөмбөг гээд өндөр ачаалалтай тэсвэр шаардсан спортын тамирчид багтраатай байх явдал түгээмэл болоод байна. Мэргэжлийн дугуйн спортод өндөр амжилт гаргаж буй тамирчдын талаас илүү нь багтраатай.

Норвегийн цанын тамирчдын бараг тал нь, өндөр амжилт үзүүлэгсдийн ихэнх нь багтраа өвчтөнүүд байх жишээтэй. Шигшээ багийн эмч нар нь багтрааны эсрэг эмийг тамирчдаа эмчлэх биш харин “сэргээх” гэж хэрэглэдэг. Тус улсын шигшээ багийн гишүүн асан Сири Халле вентолин эмийг амьсгалын эрхтний өвчинд биш сэргээш болгон хэрэглэдэг байснаа хүлээн зөвшөөрсөн. Бусад эрүүл цаначиддаа ч тэсвэр хатуужлыг нь нэмэгдүүлэх зорилгоор багтрааны эсрэг эм, тариа хэрэглэдэг байжээ. Сири Халле энэ эмийг хэрэглэхээс татгалзсан тул шигшээ багаас хасагдсан байна. Норвегийн цанын од Мартин Сундбюгийн сорьцноос илэрсэн багтрааны эсрэг сальбутамол бэлдмэлийн хэмжээ Олон улсын агентлагаас тогтоосон хэмжээнээс 9 дахин их байв. Энэ байдал өрсөлдөгч багийнхны дургүйцлийг төрүүлдэг нь тодорхой. Тухайлбал, Финландын Допингийн эсрэг агентлагийн генсек Харри Свисалим “Багтраа өвчтөнүүд Норвегид доод тал нь 42 олимпийн медаль авч өгсөн. Мартинд оноосон 2 сар тэмцээнд оролцох эрхийг нь хассан шийдвэр дэндүү хөнгөхөн” хэмээн мэдэгдэж байв.

Норвегууд 2011 оноос багтрааны эмийг тамирчид дээр туршиж байсан уу

TV2 теле сувгаар цацагдсан мэдээллээс үзвэл норвегичууд 2011 оноос эхлэн цана, биатлоны шигшээ багийн 25 тамирчин дээрээ багтрааны эм туршжээ. Ингэхэд тамирчдын амжилт геометр прогрессоор өссөн аж. Туршилтад оролцсон тамирчдын хоёр нь болох Тереза Йохауг, Дидрик Тонсет нарын хэлснээр, тэд эм хэрэглэж эхлэх үедээ цоо эрүүл байсан гэнэ. Гэсэн ч эм амьсгалын замыг нь илүү чөлөөлж өгч байсан тул амжилтыг нь эрс дээшлүүлсэн гэсэн байна.

Багтраатай домгууд

Норвегийн цаначдын 1993-2016 онд том тэмцээнээс авсан медалийн 70 хувийг багтраатай тамирчид авчээ. ARD телевизийн нэвтрүүлэгт энэ талаар илүү тодорхой тоо баримт дурдсан нь бий. Тухайлбал, 2006 оны Турины олимпийн цанын тэмцээнд оролцогчдын 7.7 хувь нь агтраа өвчтэй байсан бол медаль хүртсэн тамирчдын 14.4 хувь нь ийм өвчтэй байжээ. Медаль хүртсэн тамирчдын 7.7 хувь нь багтраа өвчтэй байсан гэнэ. Дараа нь гарсан мэдээллээр бол норвегичууд 2011 оноос хамаагүй өмнө буюу 1993 оноос л тамирчдаа “эмчилж” байсан нь тодорхой болсон юм. ОХУ-ын тухайд, Норвегийн биатлоны шигшээ багийн лидерүүд болох Оле Эйнар Бьорндален, Тора Бергер нар багтраа өвчтэй гэсэн мэдээлэл 2000-аад оноос л цацагдаж, тамирчид өөрсдөө юм хэлдэггүй байв. Хожим дээрх хоёр тамирчин багтраагүй болох нь батлагдсан байдаг. Дараа нь Сундбюгийн хэрэг дэгдсэн юм. Багтраа допингийн хамгийн том дуулианыг дэгдээх үү Дэлхийн Допингийн эсрэг агентлаг оросуудын гомдлыг хүлээн авч багтрааны эмний тамирчдад үзүүлэх нөлөөг судалсан. Тэгвэл энэ судалгааны дүгнэлт спортын ертөнцөд урьд хожид байгаагүй дуулианыг үүсгэж болох юм. Учир нь, мэргэжлийн дугуй, цана, хөлбөмбөг гэх мэт маш олон төрлийн спортын од тамирчид багтрааны эмийг хэрэглэдэг бөгөөд амжилт, медалийн дийлэнхийг хүртсэн байдаг билээ. Хэрвээ эрдэмтдийн дүгнэлт багтрааны эсрэг эм тамирчдын ажиллах чадварыг нэмэгдүүлдэг гэж гарвал спортын ертөнцөд хамгийн олон эзэн холбогдогчтой, хамгийн дуулиантай хэрэг дэгдэх юм.

Багтраа допингийн хамгийн том дуулианыг дэгдээх үү

Дэлхийн Допингийн эсрэг агентлаг оросуудын гомдлыг хүлээн авч багтрааны эмний тамирчдад үзүүлэх нөлөөг судалсан. Тэгвэл энэ судалгааны дүгнэлт спортын ертөнцөд урьд хожид байгаагүй дуулианыг үүсгэж болох юм. Учир нь, мэргэжлийн дугуй, цана, хөлбөмбөг гэх мэт маш олон төрлийн спортын од тамирчид багтрааны эмийг хэрэглэдэг бөгөөд амжилт, медалийн дийлэнхийг хүртсэн байдаг билээ. Хэрвээ эрдэмтдийн дүгнэлт багтрааны эсрэг эм тамирчдын ажиллах чадварыг нэмэгдүүлдэг гэж гарвал спортын ертөнцөд хамгийн олон эзэн холбогдогчтой, хамгийн дуулиантай хэрэг дэгдэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)