АНУ-ын Засгийн газраас “Олон улсын цөмийн аюулгүй байдлын баталгааны оролцоо” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад цөмийн аюулгүй байдлын баталгааг хэрэгжүүлэх, улмаар цөмийн материалын ашиглалт, хэрэглээнд үр дүнтэй хяналт тавихад чухал ач холбогдолтой 59 сая төгрөгний үнэ бүхий Identifinder R400 гамма спектрометр багажийг Цөмийн энергийн комисст хүлээлгэн өглөө.
Энэхүү багажийг хүлээн авснаар цөмийн материалын бүртгэл хяналтыг хэрэгжүүлэгч төрийн байгууллага нь цөмийн материалыг таних, хянах олон улсын цөмийн аюулгүй байдлын баталгааг хангах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Тус улсын Засгийн газраас Элчин сайдын яамаар дамжуулан “Олон улсын цөмийн аюулгүй байдлын баталгааны оролцоо” хөтөлбөрийн хүрээнд техникийн дэмжлэг үзүүлэхээс гадна, үндэсний сургалтыг хамтран зохион байгуулах, олон улсын сургалтад холбогдох төрийн байгууллагын албан хаагчдыг хамруулж, мэдлэг чадварыг дээшлүүлж байна.