Азийн хөгжлийн банк болон Монголбанкны зүгээс хийсэн эдийн засгийн төлөвийн таамаглал 2019 оны байдлаар төдийлөн өөрчлөлтгүй байсан. Харин 2020 оны эдийн засгийн өсөлтийг урьдчилсан байдлаар 6 хувь байна гэж байсан бол үүнээс даруй 0,4 нэгж хувиар бууруулаад байна. Эдийн засгийн өсөлт буурах гол хүчин зүйл нь уул уурхайн салбарын өсөлт буурч байгаагаас шалтгаална гэж Монголбанкны эдийн засагчид үзсэн байна.
Энэ оны байдлаар зэсийн баяжмал дахь алтны агууламж харьцангуй өндөр байгаа бол ирэх оноос энэ нь буурах төлөвтэй байна. Ялангуяа Оюутолгойн алтны агууламж буурах нь нөлөөлөх ажээ.
Мөн, газрын тосны үйлдвэрлэлийн өсөлт энэ онд өндөр байгаа. Тийм учраас дээрх нөлөөгөөр эдийн засаг төдийлөн өсөхгүй гэсэн хүлээлттэй байна. Нүүрсний хувьд ч бас төдийлөн өсөлт гарахгүй буюу дэлхийн зах зээл дээр ирэх оноос нүүрсний үнэ буурах төлөвтэй байна. Харин уул уурхайн бус салбаруудын хувьд өсөлт харьцангуй тогтворжих байх гэсэн хүлээлттэй байгаа гэсэн юм.