БНСУ-ын цагдаа нар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн үндэслэлээр хоёр дахь удаагаа байцааж байгаа тухай  "The Korea Times" мэдээллээ. Индонезийн Бали арлаас өчигдөр өглөө 08.29 цагт онгоцны буудалд буусан Д.Одбаярыг Инчеоны цагдаагийн газарт байцаалт авахаар аваачсан юм. "Байцаалтын ажиллагаа өглөө 10.35 цагт эхэлсэн. Гомдол гаргасан бүх нэхэмжлэлийг бид шалгаж байна" хэмээн цагдаагийн ажилтан сэтгүүлчид ярьжээ. Гэсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан билээ.

Өглөөний 10:35 цагт эхэлсэн байцаалт 14 цаг орчим үргэлжилж шөнийн 00:00 цагт дууссан байна. Байцаалтын үеэр Д.Одбаяр зарим хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тухай Инчеон хотын цагдаагийн төлөөлөгч дараа нь мэдэгджээ. Тиймээс ч хэргийг үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй гэж үзсэн тул мөрдөн байцаагчид түүнд арваннэгдүгээр сарын 6-наас 15-ныг хүртэл 10 хоногийн хилийн хориг тавьсан байна. Энэ хугацаанд Д.Одбаяр Өмнөд Солонгосоос гарах эрхгүй болсон гэсэн үг.

Мөн Инчеоны орон нутгийн шүүхээс Д.Одбаяртай хамт явсан Монгол Улсын иргэн 42 настай А-г баривчлан байцаалт авах шийдвэр гаргажээ. Хэрэг явдал болсон өдөр мэдүүлэг өгөлгүй Сингапур ниссэн А-г БНСУ-д суугаа Элчин сайдын яамаар дамжуулан албадан ирүүлэх арга хэмжээ авахаар болжээ.

Дашрамд дурдахад, Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр нь аравдугаар сарын 31-ний өдөр  "Korean Air" -ийн онгоцоор Улаанбаатараас Инчеон чиглэлд нисэхдээ үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдаж байгаа юм.  Тухайн үед БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам Д.Одбаяр болон дагалдан яваа албан тушаалтнууд дипломат халдашгүй эрхтэй хэмээн суллуулсан байдаг. Азийн Үндсэн хуулийн шүүхүүдийн хуралд оролцохоор Бали руу нисэхээс өмнө Д.Одбаяр ахлах шүүгчид нэг цаг хагасын хугацаанд байцаалт өгчээ.

Цагдаагийн ажилтны хэлснээр Д.Одбаяр тухайн үед нислэгийн бүхээгт ажиллаж байсан монгол үйлчлэгчийг мөн сүрдүүлсэн гэв. Инчеоны Цагдаагийн газар 11-р сарын 2-ноос энэ хэрэг дээр мөрдөн байцаалт эхлүүлж , онгоцны хоёр үйлчлэгчээс мэдүүлэг авсан байна. Улмаар Д.Одбаяр түүнтэй хамт зорчиж явсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой гэж үзжээ.