Нийслэлийн хэмжээнд гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудтай хамтран “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг цагдаагийн байгууллагаас зохион байгууллаа.
Уулзалт, зөвлөгөөнд Нийтийн хэв журам хамгаалах алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Бүртгэл хяналтын төв, Монголын хамгаалалтын байгууллагуудын төв холбоо, Монголын хамгаалалтын байгууллагуудын холбоо, Монголын хамгаалалтын ажилтны холбоо, Нийслэлийн хэмжээнд гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа 150 аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд оролцов.
Уулзалт, зөвлөгөөний хүрээнд “Гэрээт харуулын болон хувийн хамгаалалтын үйл ажиллагааны эрх зүйн орчин, цаашид анхаарах асуудал”, “Цагдаагийн байгууллага, гэрээт харуулын болон хувийн хамгаалалтын байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Гэрээт харуул хамгаалалт, хувийн хамгаалалтын байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийж, санал солилцсон байна.
Уулзалт, зөвлөгөөний үеэр албан хаагчдын дүрэмт хувцасны загвар, өнгө, материалын ялгаа, дүрэмт хувцас өмсөж хэрэглэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар оролцогчдын дунд хэлэлцүүлэн Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийг шинэчлэн боловсруулах, холбогдох журам, зааварт нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргасныг хэрэгжүүлэхээр болсон тухай ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаала, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас мэдээллээ.