Сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл бэлэн болжээ. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын болон Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгуулийг нэг хуулиар зохицуулдаг байсныг тусд нь хуулиар зохицуулах тухай тусгасан байна.
Ингэснээр өмнө байсанчлан дээрх сонгуулиуд гурван өөр хуулиар зохицуулагдах аж. Мөн сонгуулийн саналыг хяналтын тооллого буюу гараар дахин тоолох тухай саналыг Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгажээ.
Ирэх оны сонгуульд 20.1 тэрбум төгрөг зарцуулах талаар 2020 оны улсын төсвийн төсөлд тусгаад буй. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Энэ жилийн сонгуулийн төсөв нэмэгдсэн. Энэ нь 2012 оноос хойш сонгогчийн тоо 260 гаруй мянгаар, 2016 оны сонгуулиас хойш 112 мянгаар өссөнтэй холбоотой. Ирэх хавар бас энэ тоо нэмэгдэнэ. Үүнийг дагаад санал авах байр, хэсгүүд нэмэгдэх юм. Энэ жил 20.1 тэрбум төгрөгийг сонгуульд зарцуулахаар Сангийн яам тооцоолсон байгаа” гэв.