Энэ өдөр түүхэнд: Октябрийн хувьсгал ялав

Оны 311 дэх өдөр, шинэ он гартал 54 хоног үлдлээ.

  Өнөөдөр түүхэнд

МЭӨ 428 - Флоренцийн Платоны Академийн хувилбараар эртний Грекийн суут гүн ухаантан Платон МЭӨ 428 оны арваннэгдүгээр сарын 7-нд төржээ. 

1455 - Парисын эх дагинын сүмд сэтгэл хөндсөн ёслол болов. Жанна Д'Аркийн эх Изабель Роме Орлеон хотын оршин суугчдын хамт ирэн охиноо христийн жинхэнэ сүсэгтэн байсан гэж гэрчилжээ.

Францыг чөлөөлөхийн төлөө өөрийгөө зориулсан баатар эмэгтэйг цагаатгах ажиллагаа эхлэн гэрч нараас мэдүүлэг авах ажил эхэлжээ.1456 онд түүдэгт шатаагдсан бүсгүй зөвтгөсөн ба Ватикан түүнийг 1920 онд гэгээнтэн болгожээ.

1817 - Англид гурван самуун дэгдээгчдийн толгойг авч цаазалжээ. Үүнээс хойш ингэж цаазлахыг хориглосон юм. Ноттингемширийн Иеремия Брандрет гэх ажилгүй оймсны мастер түүний хамсаатан гэх Уильям Тёрнер, Исаак Ладлам гурвыг Засгийн газрыг унаган түүгээр ядуурлыг бүрмөсөн устгах гэсэн санаатай Пентрийн хэмээх самуун гаргагчид гэж буруутгасан байлаа. Самуун дэгдээж чадаагүй хуйвалдагч нарыг барин IV Георгоос урвасан гээд толгойг нь сүхээр цавчин цаазалжээ.

1824 - Пушкины Зэс морьтой хүн  яруу найрагт бичигдсэн хамгийн сүйрлийн үер Петербургт болжээ.

1869 - Унадаг дугуйн дэлхийн анхны хот хоорондын олон улсын тэмцээн болжээ. Түүнд оролцогсод Парис– Руан  гэсэн 135 км-ын зайг туулсан байна.  Түүнд 120  хүн, тэдний тоонд хоёр эмэгтэй оролцов.Ялагч 11 км/цагийн  дундаж хурдыг үзүүлж байлаа. 

1891 - Америкийн Уиткомб Лео Жадсон цахилгаан товчны анхны хувилбартаа 504038 дугаартай патент авчээ.

1913 - Хойд Америкийн Их нууруудад  түүхэнд “Аугаа” гэж бичигдсэн хүчтэй шуурга болжээ. Тэр үеэр нууранд 12 хөлөг онгоц живэн  250 гаруй  хүн амиа алджээ.

1917 - Палестинд еврейн улс байгуулах тухай Бальфурын гэх тунхаг гарчээ. Энэ баримт нь лорд Эдмунд Алленби командын дор Британийн цэргийн кампанийг Палестинд эхлүүлэх дохио болжээ.

1917 - Октябрийн хувьсгал гэж Орос оронд 1917 онд Оросын бүгд найрамдах улсын Түр засгийн газрын эсрэг Оросын большевикуудын зохион байгуулсан төрийн эргэлтийг хэлдэг.

Түүнийг Владимир Ильич Ленин, Лев Троцкий, Яков Свердлов зэргийн коммунистууд зохион байгуулжээ. Хуучин юлиан цагалбараар аравдугаар сарын (Оросоор октябрь) 25-нд болсон тул энэ хувьсгалыг Октябрийн гэж тодотгосон. Аравдугаар сарын 25-нд (11 дүгээр сарын 7-нд) большевик босогчид нийслэл хотыг аажмаар гартаа орууллаа. Үдээс өмнө Түр Засгийн газрын хуралдаж байсан Өвлийн Ордныг гадаад ертөнцөөс таслав. Нева гол дээр зогссон Аврора хөлөг онгоцноос Петер-Палын цэргийн хамгаалалтын байр руу буудсан нэг цэнэггүй хоосон сумаар большевикуудын дайралтын эхлэл болон Өвлийн Ордон руу гал нээж болно гэсэн дохио өгсөн юм.

Буучид галлаж эхэлсэн ба ердөө хоёр гурван сум л байндаа туссан. Барилгыг хамгаалж байсан бага дарга нар эсэргүүцэл үзүүлсний дараа тэнд байсан Засгийн газрын гишүүдийн хамт (Ерөнхий сайд Керенский үүнээс өмнө үймж байсан хотоос гарч явсан байлаа) бууж өгсөн. Хувьсгалт үйл явдлуудаас болж энэ ордныг довтлох үеэр 6 хүн, нийслэл хотод нийтдээ 64 хүн л амиа алджээ. Өвлийн Ордныг эзэлж авснаар аравдугаар сарын эргэлт дуусгавар болсон юм.

Маргааш нь Зөвлөлүүдийн Нийт Орос улсын II Их хурлаар Лениний санал болгосон хоёр шийдвэр-тунхаглалыг баталлаа. Нэг нь булаан эзлэлт үгүй, цэргийн торгуульгүй, ардчилсан энх тайвны гэрээ байгуулах тухай нөгөө нь газрыг  ямар ч төлбөргүйгээр ажилчин ард түмний өмч болгох тухай байлаа.

Энэ хувьсгалын үр дүнд 1917 оны Oросын хоёр сарын хувьсгалаар бүрдсэн засгийн газрыг түлхэн унагааж, Орос оронд коммунист захиргаадалтыг тогтоосон ба 1918-1922 онд болсон иргэний дайныг үүсгэсэн. Үүнээс гaдна 1917-1991 он хүртэл тогтсон коммунист дэглэмийг энэ хувьсгалын үр дүнд тогтоосон юм.

1941- Гуравдугаар рейхийн нисэх хүчний онгоц Ялта хотын ойролцоо эмнэлэгийн “Армения” гэсэн госпиталийн хөлгийг живүүлжээ. Амь үрэгдэгчдийн тоо 3-10 мянга гэж хэлдэг.

1944 - Хүн төрөлхтний түүхэн дэх агуу тагнуулч гэж олон хүний үздэг 49 настай Рихард Зоргег 1944 оны энэ өдөр Токио хотноо дүүжилжээ. Хагас герман, хагас орос цустай Зорге дэлхийн  I дайнд Германы талд байлдаж байв. Гэвч 1924 онд тэрээр коммунист үзэлд автан Москвад иржээ.Таван жилийн дараа тэрээр тагнуулын сургууль төгсөөд Германд эргэн очиж Нацианаль социалист намд нь элссэн байна.1933 онд Зоргег Германы сэтгүүлч гэж Токиод илгээсэн байлаа.Тэнд тэрээр амжилтай тагнуул хийж “Барбаросс” төлөвлөгөөний тухай болон фашист Герман Зөвлөлтөд довтлох өдрийг яг мэдээлсэн гэдэг.

1941 оны сүүлчээр Япон Зөвлөлтөд довтлохгүй гэсэн мэдээллийнх нь дагуу Сибирийн дивизүүдийг Москвад татан  хамгаалах боломжийг Зөвлөлтийн командлал ашиглажээ. Японы сөрөг тагнуулын алба  түүнийг Германы абверийн туршуул гэж үзэж байсан бөгөөд түүнийг барьсныхаа дараа Зөвлөлтийн тагнуул гэж мэдээд “шок”-онд орсон гэдэг.

1962 - "Битлз" Британийн телевизээр анх гарч, "Love Me Do" дууг "Granada TV" компанийн "People and Places" шоугаар дуулсан байв.

1975 - Бангладешийн Хувьсгал ба эв санааны нэгдлийн өдөр. 

Мөн энэ өдөр Коста-Рикийн Үндсэн хуулийн өдөр (1949), Тунисийн өдөр гэсэн  үндэсний хэмжээний баяртай.

1990 - Слесарь Александр Шмонов  баярын жагсаалын үеэр Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачёвыг бууджээ. Коммунистуудын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачевыг Зөвлөлтөд тоталитар дэглэм тогтоож 1989 оны Тбилисийн, 1990  оны Бакугийн жагсаал цуглааны дарсан  зэргийн гол буруутан гэж Шмонов үзээд түүнийг устган ардчилсан Ерөнхийлөгчийн сонгууль явуулах суурийг тавьж өгөх ёстой гэж  итгэжээ. Тэр 1990 оны гуравдугаар сараас Горбачевыг хөнөөхийг уриалсан ухуулах хуудас нааж  байлаа. Шмонов  герман үйлдвэрийн хоёр амтай ховорхон бууг 900 рублиэр худалдан аваад цагдаагийн газар бүртгүүлэн  эзэмших зөвшөөрөл авчээ. Дараа нь тэр бууг тайрч бэлтгээд Москвад очихын өмнө тулган шаардах захидлыг Кремльд илгээсэн байв. Түүний тулган шаардлагыг хүлээн аваагүй учир тэр 5-ны өдөр Москвад ирээд Горбачёвт халдах бэлтгэлээ базааж авчээ.  Тэр 7-ны өглөө өөрөө бэлтгэсэн хүчтэй цэнэгээр буугаа цэнэглэж, хиймэл сахал нааж, парик өмсөөд  өмдний халаасандаа үхлийн өмнөх зурвасыг үлдээн  жагсаалд оролцохоор явсан байв.  Шмонов мавзолейд 47 метрийн орчим ойртож очоод  буугаа  гарган Гобачевын толгойд онилон бууджээ. Цагдаагийн ахлагч Мылников сүүлчийн эгшинд нь бууны гол төмрийг амжин цохисон байна. Шмоновыг газар дээр нь баривчилсан байна.

Хожим мөрдөн байцаалт тогтоосноор, Шмоновт Горбачевыг хөнөөх  боломж байсангүй. Горбачевын хувцас дор  сум  үл нэвтрэх хантааз өмсгөсөн байснаас гадна тэр бууны  голоо хэтэрхий богиносгон тайрсан байжээ. Шмоновыг жил орчим хорьж байгаад эцэст нь сэтгэцийн өвчтэй гээд дөрвөн жилийн хугацаатайгаар галзуугийн эмнэлэгт хорин эмчилжээ. Тэндээс тэр II групптайгаар чөлөөлөгдөн сантехникээр ажиллажээ. Түүний эмчлүүлж байх хооронд  эхнэр нь салан охиноо аваад явсан байлаа. Жилийн дараа тэр “Тонн алт”  гэсэн  барилгын засварын компани байгуулжээ. Сүүлд нь  нийгмийн зүтгэлтэн болж 1999 онд  Төрийн думын сонгуульд өрсөлдөх гээд хуурамч гарын үсэг цуглуулсан хэргээр бүтэлгүйтэв. Бүтэлгүй сонгуулийн дараа тэр зургаан нийгэм, улс төрийн байгууллага байгуулан хүний эрхийн төлөө тэмцэгч болон мэдрэлийн албадан эмчилгээнд хэлмэгдэгчдийн эрхийг хамаалах болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)