Азийн боксын холбоо (ASBC)-той Монголын боксын холбоо хамтран Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо “Буянт Ухаа” спортын ордонд арваннэгдүгээр сарын 10-17-нд болно.
Энэхүү тэмцээнд эрэгтэй (49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, -91 кг, +91 кг), эмэгтэй (48 кг, 51 кг, 54 кг, 57 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, +81) тус бүр 10, нийт 20 жинд шилдгүүдээ тодруулах юм. Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээнд Азийн 30 шахам орны шилдэг залуу боксчид хүч, ур чадвараа сорихоор мэдүүлгээ ирүүлжээ.
Монгол Улсаас эх орондоо болох энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй (эр 7, эм 9) нийт 16 тамирчин хүчээ сорино. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 49 кг-д Э.Сүхбат, 52 кг-д Б.Алтантулга, 57 кг-д Т.Энхтөр, 60 кг-д О.Тулга, 64 кг-д А.Жандос, 69 кг-д Ц.Луваанжалбуу, 75 кг-д Б.Гантулга нар хүчээ сорин тулалдана. Харин охидоос 48 кг-д Б.Жанаргүль, 51 кг-д А.Хулан, 54 кг-д Б.Золжаргал, 56 кг-д О.Есүгэн, 60 кг-д Г.Бадмаараг, 69 кг-д Э.Намуун, 75 кг-д Ц.Намуун-Урсгал нар хүч, ур чадвараа сорих юм. Мөн охидын хүнд жин /81, +81 кг/-д хоёр тамирчинг нэмж өрсөлдүүлэхээр бэлтгэлийг нь базааж байгаа аж.
Тэд 2001-2002 онд төрсөн 17-18 насны тамирчид юм байна.
Дашрамд сонирхуулахад, Тайванийн Пин-Тун хотноо 1995 онд болсон Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний 48 кг-д Ю.Дима алтан медаль хүртэж, Монголын боксчдоос хамгийн анхны Ази тивийн залуучуудын аварга болсон байна. Хамгийн сүүлд 2017 онд Бангкок хотноо болсон тэмцээнээс 52 кг-д Б.Буяндалай хүрэл медалийн эзэн болж байжээ.