Дэлхийн нийт хүүхдийн 1 хувь нь аутизмтай гэсэн статистик бий. Олон улсад эмчилгээний бүү хэл оношилгооны арга зүй нь бүрэн боловсруулагдаагүй хэвээр, мэргэжилтнүүд аутизмын тохиолдол өсөн нэмэгдэж байгаа гэж баталсаар байгаа зэрэг нь ч дээрх тодорхойлолтод тохирч буй. “Үндэстний Тойм” сэтгүүл энэ удаа аутизм, аутизмтай хүүхдүүдийн эрхийн тухай сэдвийг онцоллоо.
Мөн энэ дугаарт нийтлэлч Я.Баяраа “Монголд дундаж давхарга байхгүй” нийтлэлдээ “Ирээдүй нь баталгаагүй, цалин хөлсөө арай чамай хүргэхчээн болдог иргэдийг дундаж давхаргад хамааруулах нь зүгээр л статистикаар биесээ хуурч буй хэрэг” гэж бичсэн байна. Тэрээр түүвэрчилсэн судалгааг үзэхэд л Монголд дундаж давхарга гэж байхгүй байгаа нь тодорхой болно гэжээ. Харин сэтгүүлч С.Сосоржав “Улсаа хорлосон улстөрчид” нийтлэлдээ Монголын улстөрчдийн поп мэдэгдлүүд эдийн засаг болон гадаад харилцаанд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа тухай “Зүг чиг” буланд хөндлөө.
Монгол дахь сүм хийдийн тоо, шашны холбогдол бүхий инфографик мэдээлэл, Тусгай цэцэрлэгээс хийсэн сурвалжилга энэ дугаарт мөн багтлаа.
