Сая сая шүтэн бишрэгчид нь Холливудын жүжигчинтэй танилцах арга замыг хайж байхад Леонардо Ди Каприо харин өөрөө Гретатай танилцахыг хүсэж байв.

Ди Каприо олон жилийн турш дэлхийн дулааралтай тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалах ажил тэр дундаа ховордсон амьтдыг хамгаалах буяны үйлсэд идэвхтэй оролцож ирсэн. НҮБ-ын дээд хэмжээний уулзалт дээр дэлхийн удирдагчдыг зэмлэн байгаль орчноо хайрлан хамгаалахыг уриалсан Шведийн сурагч Грета Тунбергийн үг түүний сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Уулзалт хаана болсон нь тодорхойгүй ч хамтран ажиллахаар тохиролцсон гэдгээ Леонардо Ди Каприо өөрийн цахим хуудсандаа бичжээ.

Ди Каприо инстаграм хуудсан дээрээ Гретатай зургаа байршуулаад “Ирээдүй хойч үедээ амьдрах боломж олгохын тулд өнөөдөр бидний хийж байгаа үйлсийг цаг хугацааны шалгуур харуулах болно. Гретагийн үг дэлхийн удирдагчдад хүлээх цаг дууссан гэсэн дохио өгсөн гэж найдаж байна. Грета шиг олон залуусын гарт бидний ирээдүй гэрэлтэж байгаа гэдэгт итгэж байна. Түүнтэй хамт цагийг өнгөрүүлэх нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Бид манай гаригийн эрч хүчтэй амьдралыг хадгалахын тулд бие биенээ дэмжиж ажиллахаар тохиролцов" гэжээ.