Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй 23 хүртэлх насны чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ОУХМ Нандинцэцэгийн Анударь хүрэл медаль хүртлээ. Манай бөх медалийн төлөөх барилдаанд Беларусийн Катарина Печковскаяг 10:0 оноогоор цэвэр хожив.

Тэрбээр өчигдөр хагас шигшээд энэ жил насанд хүрэгчдийн ДАШТ-д түрүүлсэн, Японы Харүна Окүнод 4:0-ээр дийлдсэн юм.

ДАШТ-ий 65 кг-д барилдаж буй өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, залуучуудын хүрэл медальт, Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн өчигдөр хагас шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучууд, 23 хүртлэх нас, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий медальт, Казахстаны Мадина Бакбергеноваг 7:0-ээр ялж алтан медалийн төлөө өрсөлдөх болзол хангасан. Манай бөх хэдхэн барилдааны дараа дэлхийн аваргын төлөө Японы Мисүзү Ёномототой барилдана.