Дорнодын Дашбалбар суманд Буриад судлалын музей байгуулна

Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын санаачилгаар тус суманд Буриад судлалын музей барьж байгуулахаар зураг төслийг нь гаргажээ. Ийм музейг барьж байгуулах санаачилга гаргасан үндэслэл нь бүх зүйлийг нийслэл хот болон аймгийн төвд төвлөрүүлж, хүн амын нягтрал суурьшлыг хэтрүүлэх шаардлагагүй гэдэг санаанд тулгуурлажээ. Ялангуяа угсаатны өв соёлын музей тухайн ястан, угсаатны амьдарч аж төрж буй орон нутагт байх нь үнэ цэнэтэй байдаг. Японы жишээгээр бол хот, суурин, тосгон бүр нь газар нутаг, оршин суугчдын онцлогийг харуулсан брэндтэй байдаг аж.

Хэрвээ Буриад судлалын музей баригдвал аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болохоос гадна өдрөөс өдөрт мартагдаж буй буриад зоны ахуй амьдрал, түүх соёл, зан заншлыг хүүхэд, залуучуудад бодитоор харуулах, сурталчлах, сургалт дугуйлан хичээллүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзжээ.

Дорнод аймгийн Дашбалбар сумын эдүгээ ажиллаж буй музейн хувьд бусад сумдын музейтэй харьцуулахад үзмэрийн тооны хувьд харьцангуй олон аж. Тус музейд Ардын зураач Г.Одонгийн уран зургууд эх бүтээлээрээ хадгалагдаж байгаа төдийгүй Ардчиллын анхдагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны нэрэмжит танхим, хүрэл зэвсгийн үед холбогдох археологийн олдворууд, буриад зоны эдлэл хэрэглэлийн үзмэрүүд, сумаас төрөн гарсан алдартнуудын тухай танилцуулга, эд өлгийн зүйл гээд маш арвин үзмэртэй юм байна. Эдгээр үзмэр дээрээ тулгуурлан, шинэ үзмэрээр баяжуулан Буриад судлалын музейг байгуулах бүрэн боломжтой аж. Уг музейг барьж босгох хөрөнгийг гадаад дотоодын хандивлагч байгууллага, сангууд, төсөл хөтөлбөр зэргээс босгохоор урьдчилан төлөвлөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)