Эргэн ирсэн пянзны эрин үе

Дэлхий дахинд дижитал хөгжмийн борлуулалт буурч эсрэгээрээ пянзны борлуулалт өссөөр байгаа ажээ. Хамгийн чанартай хөгжмийн дуугаралтыг пянзны гадаргуун дээр буулгаж, насан туршдаа сонсож, хэдэн үе дамжуулан хадгалж болдог, соёлын биет өв, оюуны өмч гээд олон давуу талыг өөртөө агуулсан гайхамшигт пянзны эрин үе Монголд ч давалгаалсаар. 

Пянзны эрин үе, уналт ба сэргэлт

Пянз анх 1910-аад оноос Европт дэлгэрсэн түүхтэй. XX зуун тэр дундаа 1960-аас 1990-ээд он бол пянзны оргил үе байлаа. Дэлхий нийт, хөгжмийн ертөнц тэр чигтээ пянзаар амьсгалж, тухайн үеийн гайхалтай дуунууд пянз тоглуулагчаар амь орж, хүн төрөлхтөнд хүрч байсан юм. “Beatles”, “Bee Gees”, “Aerosmith”, “Queen”, “ABBA”, Michael Jackson, Elvis Presley зэрэг дэлхийн рок поп, сонгодог, жазз хөгжмийн соруудыг одоо хэр нь амьдруулан хадгалан үлдсэн нь тэр л үеийн хуучин пянзнууд. Яг л тэр үеийнх нь амьд мэдрэмж, дурсамж бүгдийг дотроо хадгалсан хэвээр. 

Тухайн үеийн БНМАУ-ын шинэ хөгжмийн урлагийн төлөөллүүд болох “Соёл-Эрдэнэ”, “Баян Монгол” зэрэг хамтлагууд ч ЗХУ-д пянзан дээр дуунуудаа мөнхөлсөн түүхтэй. Бидний аав ээжийн үеийнхэн дэлхий нийттэй хөл нийлүүлэн алдартай хамтлаг, дуучдын пянзыг Монголд авчирч, соёлын үрийг тарьцгааж байлаа. 

Пянзны эрин аажмаар шувтарч CD, кассет зэрэг бусад хувилбарууд гарч ирсэн нь 1980-аад он. Ийнхүү дижитал хөгжмийн түрлэгт шахагдан технологийн хөгжилд түрэгдсэн пянз тоглуулагч музейд шилжихдээ тулсан юм. 

Харин 2000-аад оны эхээр дахин дэлхий даяар пянзны эрин үе эргэн ирж сэргэн мандсан гэж болно. Ингээд сүүлийн 20-иод жилд пянз сонирхогчид өдрөөс өдөрт нэмэгдсээр, одоо хамгийн өсөлттэй форматаар нэрлэгдэж байгаа юм. Хөгжим сонирхогчид хуучин пянз тоглуулагчаа тоосыг нь арчин хүндтэй газраа залж, хөгжим үйлдвэрлэгч компаниуд төрөл бүрийн хэмжээ загвараар пянз тоглуулагч үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж эхлэв. Үүнийг дагаад хуучин пянзны худалдаа эргэн цэцэглэжээ. Пянзны дэлгүүрүүд үйлчлүүлэгчдээр дүүрэн байх болов. Учир нь пянзны дуугаралт аналог буюу амьд дуу хоолой учраас түүнийг давж дуугарах дуу хоолой байхгүй. Пянз аналог системээр бичигддэг учраас яг л тэр дуучин таны дэргэд зөвхөн танд л зориулж дуулж байгаа мэт гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг. Магадгүй хүн төрөлхтөн үүнээс илүү дуугаралт олохгүй гэдгээ ухаарсан ч байж болох. Тиймээс пянзны эрин эргэн ирсэн болов уу.

Монголын рок попынхны пянзны давалгаа

Пянзны эриний шинэ давалгааг Монголын залуу хамтлаг дуучид түүчээлж байгаа. Тэдэнд сэдэл өгсөн нэгэн үзэсгэлэнг дурдахгүй өнгөрч болохгүй болов уу. 2012 онд Уран зургийн галерейд зураач, уран бүтээлч Д.Батбилэг “Are you ready” нэртэй үзэсгэлэнгээ дэлгэхэд танхимын үүдээр алхан орсон хэн хүнгүй дуу алдаж байсан юм. Учир нь тэрээр олон жилийн турш цуглуулсан пянз болон хөгжмийн түүхийн холбогдолтой ховор ном, сонины хайчилбаруудаа нийтэд анх удаа толилуулсан билээ. “Битлз”, “Queen” тэргүүт хамтлагууд, Элвис Пресли”, Майкл Жексон, Лэди Гага тэргүүтэй алдартнуудын “Дэлхийн шилдэг дууны жагсаалт”-ыг 100 долоо хоногоос дээш тэргүүлсэн хамгийн шилдэг пянз, дэлхийд ердөө 50, 100-хан ширхэг хэвлэгдсэн, алтан болон платинум пянзыг ч тэндээс үзэж нүдээ хужирлах боломжийг олгосон. Хамгийн гол нь зүгээр нэг үзэсгэлэн гэхээсээ хүмүүст хөгжмийн мэдлэг олгож, мартагдах шахсан пянзыг эргүүлэн сануулсан. Энэхүү үзэсгэлэн гарсан цагаас хойш шог зураач С.Цогтбаяр нарын пянз цуглуулагчид “Бүх нийтийг пянзжуулах аян”-ыг өрнүүлэн залуусыг уриалсаар байгаа. Тиймдээ ч зураач Д.Батбилэгийн цуглуулгыг түүний хүү, зураач Б.Эрдэнэбаяр нь авч пянз цуглуулагч С.Түвдэндоржийн цуглуулгаас өргөжүүлэн соёлын үрийг түгээхээр өнгөрсөн намар “World music gallery”-г нээсэн. Монголын анхны хөгжмийн түүхийг өгүүлэх энэхүү галерейд зочлон үе үеийн алдартнуудын 3000 гаруй пянзны үүх түүхтэй танилцахаас гадна тэдгээр гайхалтай бүтээлүүдийг эх хувиас нь сонсох боломжийг зочлон ирсэн хүн бүхэнд олгодог юм билээ. Энд Монголын уран бүтээлчдийн анхны пянзнаас эхлээд хамгийн сүүлд хэвлэгдэн ирсэн будаг нь ханхалсан пянзыг харж болно. Төрийн шагналт, ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, төрийн шагналт, ардын жүжигчин Х.Уртнасан, “Баян Монгол”, “Соёл-Эрдэнэ” хамтлаг болон улс төрийн дуу, Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд гээд нийтдээ 300 гаруй пянз хэвлэгдэн гарч байжээ. Хамгийн сүүлд 1988 онд төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Симфония-2”-ыг оросууд бичиж өгснөөс хойш 2013 онд “Хурд” хамтлаг 20 жилийн ойдоо зориулан “Алтан пянз”-аа гаргасан. Гэхдээ энэ хооронд Монголын уран бүтээлчдээс дуучин Quiza Японы DJ нартай хамтран пянз бичүүлсэн нь зөвхөн Японд худалдаалагдан дорхноо дуусч, өөрт нь ердөө 10 ширхэг ирсэн гэдэг. 

Харин орчин цагийн хамтлаг дуучдыг түүчээлэн 2018 онд “Lemons” хамтлаг “Red Album”, “Colors” хамтлаг “Би тэнгэр рүү унаж байна” пянзаа хэвлүүлэн гаргасан. Өнгөрсөн долоодугаар сард монголын нэрийг дэлхийд гарган сая сая үзэгчдийг эх хэлээрээ хуулж хөгжимдөн байлдан дагуулж байгаа "The Hu" хамтлаг "The Hu" нэртэй пянзаа гаргасан.  Тэдний араас өнгөрсөн наймдугаар сард альтернатив дуучин Отгоо долоон жил уран бүтээлээ завсарлан эргэн урлагт ирэхдээ “Отгоо” нэртэй цасан цагаан пянзаа гарган урлагт цаг үетэйгээ хэрхэн хөл нийлүүлэн алхаж байгаа харуулсан. Мөн өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын 5 шилдэг бүтээлээс бүрдсэн (1988 онд оросууд хэвлэж өгч байсан) алдарт “Хоёрдугаар симфони” “Symphony II” нэртэй алтан пянз Лондон хотноо хэвлэгдэн ирсэн. Түүнчлэн энэ жил 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа “Харанга” хамтлагийнхан хос пянз гаргахаар хэвлэлтэд явуулсан бол “A Sound” хамтлагийн дуучин А.Тэмүүлэн кино зохиолч, найруулагч Д.Төрмөнхтэй хамтран “Цонхон дээр суусан ялаа” цомгоо пянз болгон гаргаж байгаа. Мөн дуучин Т.Ариунаа тэргүүтэй хамтлаг, дуучин пянзаа гаргах гэж байгаа талаар хэдийнээ бор шувуу нисээд эхэлжээ.

Эргэн сануулахад, 2016 онд “Тойм” сэтгүүл пянзны ертөнцийн тухай бүхий л мэдээллийг багтаасан тусгай дугаарыг гаргаж байсан юм. Зуун дамжин эгшиглэсээр байгаа пянзны соёл тасраагүй өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа нь гайхалтай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Манай өвчтөнүүд, нэн ялангуяа сэтгэцийн өвчтөн Ганхүү мэтийн хүний анхааралд орохгүй л бол уснаас гаргачихсан камбала загас шиг үхчих гээд зурагтын суваг бүр лүү дамжин хэсч, энд тэнд болж байгаа арга хэмжээ бүрээр хэсч ямар нэг юм хэлж байж тавьдаг шизоны 2 ч төрлийн өвчний хам шинжийг цогцлоосон гарууд сүүлийн үед пянз гээд онгирцгоодог болсон. Тэгсэн чинь тэр их ховор нандин гээд байгаа 70-80-аад оны хуучны пянзнууд чинь төрөл төрлөөрөө Берлин хотын хуучин номын дэлгүүрт 10 евро гээд хогоороо л байж байдаг юм байна лээ ш дээ.

    2 2 Хариу бичих