
Голомт банкны Бизнес хөгжлийн газрын Орон сууцны санхүүжилтийн хэлтсийн захирал Б.Золбоотой ярилцлаа. Тус банк өнөөдрөөс эхлэн орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээлийн хүсэлтүүдийг хүлээж авахаар болсон байна.
-Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох шийдвэр гаргасан. Энэ дагуу “Голомт” банк маргаашнаас /гуравдугаар сарын 15/ ипотекийн зээлийн хүсэлтүүдийг хүлээж авахаар болсон байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Өнөөдөр /өчигдөр/ Монголбанкны холбогдох албаныхан арилжааны банкны зээл хариуцсан ажилтнуудтай уулзаж, 5 хувь, найман хувийн хөтөлбөрийн зээлүүдийн талаар тодорхой мэдээллийг өгсөн. Улмаар гуравдугаар сарын 15 эхлэн хөтөлбөрийг эхлүүлэх үүргийг өгсөн. Манай банкны хувьд өнөөдөр /өчигдөр/ бэлтгэл ажлаа хангаад, маргаашнаас /гуравдугаар сарын 15/ эхлэн ипотекийн тав болон найман хувийн хүүтэй зээл авах иргэдийн хүсэлтийг хүлээж авч эхэлнэ.
-Найман хувийн зээлийг олгоход мөрдөгддөг шалгуур таван хувь дээр өөрчлөгдөх үү?
-Хөтөлбөр маань найм болон таван хувийн хүүтэй байна. Таван хувийн хүүтэй хөтөлбөрт хамрагдах дөрвөн байршил буюу бүсийг зааж өгсөн байгаа. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүс, хөдөө орон нутаг, 21 аймаг болон алслагдсан гурван дүүрэгт орон сууц худалдаж авах иргэд таван хувийн зээлд хамрагдах боломжтой. Бусад орон сууцнуудын хувьд найман хувийн зээлдээ үргэлжлээд хамрагдаад явна. Журмын шаардлагад өөрчлөлт ороогүй. Тухайлбал, урьдчилгаа төлбөр 30 хувь хэвээрээ. Мөн иргэд 80 метр квадратаас ихгүй талбайтай орон сууц худалдан авах боломжтой. Харин зээлийн хугацааны хувьд 30 жил болж нэмэгдсэн.
-Өмнө нь найман хувийн хүүгээр ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн зээлийн хүү хэзээнээс буурах вэ?
-Найман хувийн хүүтэй зээлд хамрагдсан иргэдийн зээлийн хүүг таван хувь руу шилжүүлэх ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх юм билээ. Эхний ээлжинд шинээр хүсэлт өгч байгаа иргэдийн хүсэлтийг хүлээж авна. Хоёрдугаарт, найман хувиар олгогдсон зээлийг дээр дурьдсан дөрвөн бүсэд авсан бол зээлийн хүүг бууруулна. Гуравдугаарт, найман хувийн хүүтэй зээлийг Монголын ипотекийн корпораци худалдан авч, үнэт цаасжуулж байгаа. Энэ хүрээнд МИК-т худалдагдсан зээлүүдийн хүүг бууруулна гэдгийг мэдээлсэн.
-Хэрвээ дээрх дөрвөн байршлаас өөр бүсэд орон сууц авсан бол зээлийн хүү буурахгүй юм байна?
-Тэр тохиолдолд зээлийн хүү найман хувь дээр хэвээрээ байна.
-Иргэд бүрдүүлэх материалын жагсаалтад ямар нэгэн өөрчлөлт орсон уу?
-Зээлийн материалын хувьд найман хувийн зээл авахад бүрдүүлдэгтэй яг л адилхан байна. Өөр нэмэгдсэн болон хасагдсан зүйл байхгүй.
-Хөтөлбөрийн санхүүжилт хаанаас гарах вэ. Мэдээж арилжааны банк өөрөө бүрэн хариуцахгүй байх. Нөгөөтэйгүүр зээлийн хүсэлтээ өгсөн тохиолдолд хэр удаж байж шийдэгдэх бол?
-Хөтөлбөрийн эх үүсвэрийн хувьд өнгөрсөн хоёрдугаар сард Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсан. Тэр сантай энэ хөтөлбөр уягдаж байгаа. Сангийн хөрөнгөөр санхүүжинэ гэсэн үг.
Банк иргэдийн зээлийн хүсэлтийг хүлээн авч судлаад, зээл олгох шийдвэр гарсны эх үүсвэрээ авна.
Найман хувийн зээлийн хүсэлтээ өгсөн хүмүүсийн зээл хэр удаж байж шийдэгдэх вэ гэх асуулт бий. Өмнө нь найман хувийн зээл олгож байхад бид Монголбанкнаас урьдчилж санхүүжилтээ авч, зээлээ олгодог байсан. Одоо бол банк иргэдийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, судлаад, зээл олгох шийдвэр гарсны эх үүсвэрээ авах юм. Тэгэхээр өмнөхөө бодвол хугацаанд бага зэрэг өөрчлөлт гарах байх.
-Голомт банк өнгөрсөн хугацаанд ипотекийн найман хувийн зээлийг хэчнээн иргэнд олгоод байна вэ?
-Голомт банк найман хувийн зээлийг 2013 оны зургаадугаар сараас олгож эхэлсэн. Энэ хугацаанд 18 мянга гаруй иргэнд ипотекийн найман хувийн хүүтэй зээл олгоод байна.